Төв аймгийн Зуунмод сумын нэгдүгээр сургуулийг 1992 онд төгссөн 8б ангийнхан орон нутагтаа ногоон төгөл бий болгожээ. Тэд төгсөлтийн 30 жилийн ойн баяраа тохиолдуулан уг ажлыг санаачлан, хэрэгжүүлсэн юм байна. Уг ангийнхан “Ногоон Зуунмод хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор гоёлын, мөнх ногоон шилмүүст, навчит 15 төрлийн 40 гаруй суулгацыг сумын төв цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд тарьжээ. Тэдгээр модоо цэцэрлэгжилт, ногоон байгууламжийн арчилгааны байгууллагад хүлээлгэн өгсөн аж. Эдгээр суулгацыг хоёр жил бортогонд үржүүлсэн бөгөөд байгальд суулгахад бэлэн болсон, ургах баталгаа нь 100 хувь гэдгээрээ онцлог юм байна. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг. Тиймээс манай ангийнхан зөвхөн мод суулгаад орхих бус, хөрсийг баяжуулж, бордон, усалж, ногоон байгууламжийн ойр орчмын газрыг цэвэрлэлээ. Мөн ойролцоох сүүдрэвч, сандал зэргийг засаж сэлбэсэн. Тарьсан моднууд минь тэнгэр баганадан ургана гэдэгт итгэлтэй байна” гэж төгсөгчдийн төлөөлөл хэлсэн юм. Түүнчлэн төгсөлтийн баяраа тэмдэглэж буй нэг ангийнхан болон залууст орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж, мод тарин, ногоон төгөл бий болгохыг уриаллаа.