Олон улсын аялал жуулчлал сэргэж буй талаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдээлжээ. Энэ оны эхний хагаст 250 сая жуулчин аялсан нь цар тахлын өмнөх жил буюу 2019 оны мөн үеийнхээс 54 хувиар буурсан үзүүлэлт боловч өнгөрсөн жилийнхээс 3.2 дахин өссөн дүн гэнэ. Өнгөрсөн болон уржнан жилийн эхний зургаан сарын үзүүлэлтийг 2019 оныхтой харьцуулахад 71-72 хувиар буурсан дүн гарч байж. Бүс нутгаар нь ангилбал энэ жил Европт аялсан жуулчны тоо хамгийн өндөр өсөлттэй гарчээ. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үеийнхийг 350 хувиар давсан гэнэ. Үүний дараа Ойрхи Дорнод (157), Африк (156), Америк (112), Ази, Номхон далайн бүс (94 хувиар өссөн) жагссан байна.