Манай улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад 15 өв бүртгүүлсэн байдаг. Харин үүний наймыг нь “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д оруулсан. Тодруулбал, морин хуур, уртын дуу, наадам, хөөмэй, шувуулахуй, монгол гэр урлал, шагайн харваа, хөхүүрийн айраг исгэх зан үйл зэргийг багтаасан. Тэгвэл эл жагсаалтад Наурызын баярыг нэр дэвшүүлэн, бүртгүүлэхээр холбогдох байгууллагынхан хамтран ажиллаж байгааг Соёлын яамнаас мэдээллээ. Казах түмний соёлын давтагдашгүй өв болсон, үндэсний ялгарал бүхий уг баярыг сурталчлан таниулж, хойч үедээ залгамжлуулах нь чухал гэдгийг салбарын сайд онцлов.