Манай сонины уншигч-сурвалжлагчаар энэ удаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-ын эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан мэргэжилтэн Х.Сансармаа ажиллалаа. Тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Д.Хишигжаргалтай “Портеж” хөтөлбөрийн өнөөгийн нөхцөл байдал болон явуулын багшийн талаар ярилцсан юм. Эл хөтөлбөр нь хүүхдийн хөгжлийг төрсөн цагаас нь эхлэн дэмжихэд чиглэсэн, гэр бүлийн гишүүдийн оролцоонд суурилснаараа давуу талтай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол байгууллага гэдгээрээ онцлог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, бие даан хөгжих чадвар эзэмшүүлэх замаар амьдралын чанарыг нь дээшлүүлэх, олон улсын чанар, стандартад нийцсэн сэргээн засалтын цогц тусламж, үйлчилгээ үзүүлэхийн төлөө тэд зорилго нэгтэй ажиллаж буй юм.
-ХНХЯ-наас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд “Портеж” хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлсэн. Эл хөтөлбөрийн онцлогийн талаар товч мэдээлэл өгөхгүй юү?
-Манай төвийг 2019 онд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нэгдсэн тусламж, үйлчилгээ үзүүлдэг манайх шиг төв өмнө нь байгаагүй. 2016 оны нэгдүгээр сараас эхлэн ЖАЙКА-гийн “СТАР-1” төслийн хүрээнд “Портеж” хөтөлбөрийг анх манай улсад нэвтрүүлсэн. Төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлээд дуусжээ. Гэхдээ 186, 10 дугаар цэцэрлэг болон Монголын дауны холбоо, Монголын аутизмын холбооныхон уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн юм билээ. Харин 2021 оноос ХНХЯ-наас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Портеж” хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж, үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд уг хөтөлбөрийн сургагч 16 багш бэлдсэн. Тэд нийслэлийн есөн дүүрэг болон орон нутагт сургагч багш бэлдэх юм. Тэдгээр багш нь үндсэн ажлынхаа хажуугаар давхар мэргэшсэн гэсэн үг. Манай төвд “Портеж” хөтөлбөрийн багш бэлдэх, арга зүйгээр хангах, чадавхжуулах, хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн мэдээлэл үүсгэх зэрэг гол үүрэг оногдсон. Зургаан аймагт “Портеж” хөтөлбөрийн явуулын багш бэлдсэн нь бидний ажлыг хөнгөвчлөхөд тус болж байна.
-Танай төвд албан ёсоор “Портеж” хөтөлбөрийн багш ажиллаж байгаа. Одоогоор хэчнээн хүүхдэд үйлчилгээ үзүүлээд байна вэ?
-Энэ оны хагас жилийн тайлан, мэдээнээс харахад манай төвөөр 5800 хүүхэд үйлчлүүлжээ. Нэг хүүхэд 3-4 удаа ирж, хэвтэн эмчлүүлдэг. Тэгэхээр давхардсан тоогоор 10 мянга гаруй удаагийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Манай төв 2021 оны долдугаар сарын 22-ноос “Портеж” хөтөлбөрийн дагуу хүүхдүүдээ авч эхэлсэн. Одоогийн байдлаар 220 гаруй хүүхдэд эл хөтөлбөрийн загварын дагуу тусламж, үйлчилгээ үзүүлжээ. “Портеж” хөтөлбөрт 0-6 насны хүүхдүүдийг хамруулдаг. Гэхдээ зөвхөн энэ насаар хязгаарлагдахгүй. Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүд ч эл хөтөлбөрийн дагуу сурч хөгжиж байна. Хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг тэгш хамруулах хөтөлбөрийн дагуу ердийн сургуульд сургаж, нийгэмшүүлж байгаа. Ингэж сургахад тэдэнд нэмэлт дэмжлэг заавал шаардлагатай. Энэ нэмэлт дэмжлэгийг эцэг, эхчүүд “Портеж” хөтөлбөрөөр дамжуулан хүүхдэдээ өгөх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, хоёрдогч хүндрэлээс сэргийлэх зорилготой уг хөтөлбөрийн дагуу хүүхдээ үнэлүүлж, өөрт нь тохирсон хэрэгсэл, тусламж, үйлчилгээ үзүүлснээр эерэг үр дүнд хүрч байна. Гэр бүлд суурилсан хөтөлбөр учраас эцэг, эхчүүд хөгжлийн хоцрогдолтой хүүхэдтэйгээ ажиллах арга зүйд суралцан, тодорхой үр дүнд хүрнэ гэсэн итгэл найдвартай болсон. Энэ хэрээр эцэг, эх, асран хамгаалагчид бухимдлаасаа салж, асуудлыг илүү эергээр хүлээн авах чадварт суралцаж байгаа.
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг эл хөтөлбөрт хамруулахад багш нарын оролцоо хэр байдаг бол?
-Ихэвчлэн манай төвд эцэг, эхчүүд нь өөрсдөө авчирдаг. Эрт илрүүлэгт цэцэрлэг, сургуулийн багш нарын оролцоо чухал. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг, эхчүүд ч тэр сэтгэл зүйн хувьд хүнд байдалд ордог учраас мэргэжлийн сэтгэлзүйчийн зөвлөгөө тус болдог. Бид сэтгэлзүйчийнхээ дүгнэлтийг үндэслэн тухайн хүүхдийг ямар арга барилаар хөгжүүлэх талаар төлөвлөгөө боловсруулж ажилладаг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг сэргээн засахад цогц үйлчилгээ шаардлагатай байдаг юм. Бэрхшээлийг хэдийчинээ эрт илрүүлнэ, тэр хэрээр үр дүн гардаг гэж үздэг. Тиймээс эрт илрүүлэгт эцэг, эхээс гадна боловсрол, эрүүл мэндийн анхан шатны байгууллагын ажилтнуудыг татан оролцуулах, орчин үеийн хэрэглэгдэхүүн, техних, технологийг хөгжингүй болгомоор байна. Манай төв үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ч “Портеж” хөтөлбөрийн ганцхан багштай. Хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, цэцэрлэгийн багш, боловсон хүчин, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт энэ хөтөлбөрийн талаар анхан шатны мэдлэг олгох нь зүйтэй. Анхан шатанд нь хөгжлийн бэрхшээлийг илрүүлж чадахгүйгээс болж хүүхэд хохирдог.
-Орон нутаг дахь явуулын багш нарыг чадавхжуулах, арга зүйн зөвлөгөө өгч, гарын авлагаар хангах сургалтын гол бааз нь танай төв болж байна уу?
-Тийм ээ. Зургаан аймаг дахь Хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллана. Мөн 2021 оны аравдугаар сард ЖАЙКА-гийн “СТАР-2” төслийн хүрээнд БШУЯ-тай хамтран есөн бичил төсөл зарласан. Үүний нэг болох “Портеж”-ийн явуулын багш буюу гэрээр айлчлагч төслийг Монголын Портеж нийгэмлэгийн тэргүүн Ж.Батдэлгэр багш хэрэгжүүлсэн. Харин манайх тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулсан гарын авлага, DVD бэлдэх төсөл дээр ажиллалаа. Гарын авлагыг алслагдсан дүүрэг, орон нутагт амьдарч буй, дэмжлэг туслалцаа авах боломжгүй, хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж хоёрдогч хүндрэлээс сэргийлэх, эцэг, эхийг нь чадавхжуулах, арга барилд сургах зорилгоор бүтээсэн. Тухайн гарын авлага дахь дасгал, хөдөлгөөний зааварчилгааг дүрсжүүлэн, өөрсдөө даган дуурайн хийх боломж бүрдүүллээ.
-“Портеж” хөтөлбөрийн бас нэг онцлог нь явуулын багш ажиллуулах шүү дээ. Бодлогын хэмжээнд явуулын буюу гэрээр айлчлагч багшийн ажлын байрын тодорхойлолт, цалин урамшууллын асуудлыг шийдэх талаар та ямар бодолтой явдаг вэ. Ямар дэмжлэг шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Нийгмийн халамжийн тухай хуульд “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ” гэж бий. Үүнийг иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж болдог. “Портеж”-ийн багшийн үйл ажиллагааг энэ үйлчилгээнд хамруулахыг зорьж байна. Цаашид “Портеж”-ийн явуулын багшийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хүний нөөцийг бэлдэж, гэрчилгээ олгох юм. Ингэснээр олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлж, санхүүжилтээ шийдвэрлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд өөрсдөө эхлээд “Портеж” хөтөлбөрийн явуулын багш болж, цаашлаад ойр орчмынхоо ижил бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх юм. Ингэж олон нийтийн оролцоонд түшиглэснээр хууль, журмын дагуу санхүүжилт авах эрх үүснэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн аль нэг нь хүүхдээ харж, гэртээ үлддэг. Хэрэв гэрээр айлчлагч багшийн гэрчилгээтэй болчихвол амьдралд нь ч нэмэртэй.
-Явуулын багш хэн байх, хэрхэн цалинжуулах зэрэг нь салбар дундын асуудал юм. Харьяа яам, Тамгын газрынхан гээд үүнд анхаарал хандуулснаар улсын хэмжээнд хэрэгжүүлж, үр нөлөөг нь амсах болов уу?
-Тийм ээ. Эцэг, эхчүүдийг явуулын багшаар бэлдэх ажлыг цаашид хөгжүүлэх нь зүйтэй. Үүнд ЖАЙКА олон улсын байгууллага дэмжлэг үзүүлж, явуулын багшийн цалин, урамшууллыг шийдэх тал дээр анхаараасай гэж хүсэж байна. Эхний ээлжид туршилтаар хэдэн багш ажиллуулж, үр дүнг судлах нь зөв. Туршилтын явцад сайн үр дүнд хүрвэл багш нарын урамшууллын санхүүжилтийг улсын төсөвт суулгах тухай ярих болов уу. Явуулын багш ажиллуулж, үр дүнг нь тооцсон жишээ бий. МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль (СӨБС)-ийн Сургалт, арга зүйн төвөөс ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Портеж” хөтөлбөрийн хүрээнд явуулын багш бэлдэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд тус сургуулийн гуравдугаар дамжааны найман оюутан “Портеж” хөтөлбөрийн сургалтад хамрагдаж, арга зүйн дагуу даун, аутизмын хүрээний эмгэг, тархины саажилт, харааны бэрхшээлтэй, 4-5 насны найман хүүхдэд гэрт нь очиж, эцэг, эхийнх нь дэмжлэгээр туслалцаа үзүүлсэн байна. Ирэх намар тэдгээр хүүхдийг цэцэрлэгт холбон зуучлах талаар Ж.Батдэлгэр багшаас дуулсан. Ингэснээр төслийн үр дүнд явуулын багш бэлдэх тогтолцооны загвар гарах юм. Оюутнууд ингэж гэрээр айлчлан, асран хамгаалагч нартай нь хамтран ажилласнаар хүүхдийн хөгжилд ахиц гарсанд баяртай байгаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хандсан хүүхэд бүрийг “Портеж” хөтөлбөрийн дагуу үнэлдэг үү?
-Дээр хэлсэнчлэн “Портеж” хөтөлбөр нь 0-6 насны хүүхдэд чиглэсэн ч үүнээс дээш насныхан хамрагдаж байгаа. Гэхдээ бид түлхүү 0-2 насны хүүхдүүдийг эл хөтөлбөрт хамруулж байна. Яагаад гэхээр 0-6 насны хүүхдэд сургуулийн өмнөх, 7-18 насныханд бага, дунд боловсролын үнэлгээ гэж хийдэг. Үнэлгээнд суурилж, эрт үед нь хөгжлийн дэмжлэг үзүүлснээр хоцрогдлыг арилгах боломжтой. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хөгжлийн үнэлгээнд суурилж, аль хөтөлбөрийн дагуу ажиллах вэ гэдгээ манай эмч, мэргэжилтнүүд шийддэг. Ингэхдээ сэтгэлзүйчийн дүгнэлтийг харгалздаг юм.
-Бусад улс оронд “Портеж” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлдэг юм бол. Та нэг жишээ хэлж болох уу?
-Эрт боловсролын энэ хөтөлбөрийг анх 1972 онд АНУ-д боловсруулсан түүхтэй. Дэлхийн олон улс уг хөтөлбөрийг төрөлх хэлээрээ хөрвүүлж, хөрсөндөө буулгасан байна. Харин манай улс Японы Портеж нийгэмлэгийн 20 гаруй жилийн туршилт, судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулсан, шинэчилсэн хөтөлбөрийг нь хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн гол онцлог нь гэр бүлд суурилсан. Бусад улсад ч ялгаагүй гэр бүлд суурилж, гол ажлаа нугалдаг гэж ойлгосон. Энэтхэгт гэхэд мөн л хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй аав, ээж, асран хамгаалагч нар нь хүүхдэдээ багшилдаг юм билээ.
-“Портеж” хөтөлбөрийн хүртээмжийг сайжруулах, олон хүнд хүргэх нь чухал байна. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа шалтгааныг бууруулах, олдмол бэрхшээлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулахад юу хийх шаардлагатай гэж үзэж байна?
-Монгол Улсад 105 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Үүний 11.3 мянга орчим нь хүүхэд гэж үздэг. Тэдэнд хүрч ажиллах, хөгжлийн бэрхшээлийг нь эрт илрүүлэх, хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Портеж”. Энэ нь олон улсад туршигдсан, үр дүн сайтай, загварчлагдсан хөтөлбөр. Үүний ашиг шимийг хүртэхийн тулд нэгдүгээрт, боловсон хүчин бэлдэх хэрэгтэй. Манай төв харьцангуй “залуу” байгууллага. Боловсон хүчин маань цаг ямагт суралцаж, хөгжих ёстой. Одоо л гэхэд манай төвд 128 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Гэтэл “Портеж”-ийн багш ганц бий. Орон тоогоо нэмэх шаардлагатай. Мөн оношилгооны орчин үеийн хэрэглэгдэхүүн хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээл, хоцрогдлыг эрт оношилж, арга хэмжээ авснаар эмчлэх боломжтойг нь цаг алдалгүй эдгээмээр байна. Эмчлэх боломжгүй бол нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулахад анхаарах юм.
-Хөтөлбөрийн онцлог, үр дүнг сайн гаргасны дараа үндэсний хэмжээнд, бодлогын түвшинд ярьж, улсын төсвөөр хүний нөөцийн санхүүжилтийн асуудлыг шийдэх нь гэж ойлголоо. “Портеж” хөтөлбөр нь анх АНУ-д нийгмийн эмзэг бүлэг рүү чиглэж, асуудлаа шийдэхэд нь тусалдаг байж. Харин эл хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлсний давуу талыг та хувь хүний зүгээс юу гэж хардаг вэ?
-Монголчууд нүүдлийн соёлтой улс. Өөрөөр хэлбэл, гэр бүлд түшиглэсэн соёл, заншилтай. Аав, ээж, ахан дүүсийнхээ сургаалаар хүмүүждэг онцлогтой манай улсад гэр бүлд түшиглэсэн “Портеж” хөтөлбөр илүү тохиромжтой. Эл хөтөлбөрийн дагуу хүүхдийг хөгжүүлэхэд ямар нэг байгууллагын орчинд, хэдэн цаг дасгал хөдөлгөөн хийлгээд болчихдог зүйл биш. Багшийн зааврын дагуу сурсан дасгалаа гэртээ үргэлжлүүлж хийдэг. Хөгжлийн хоцрогдлын талаар эцэг, эхчүүд мэддэг болжээ. Энэ хөтөлбөрт хүүхдээ хамруулъя гэсэн хүсэлтэй хүн олширсон нь “Портеж” үр дүнд хүрсний илэрхийлэл гэж үзэж байна.