2009 оноос хойш манай оронд зохион байгуулах болсон “Монгол дерби” уралдааны эхний ялагчаар АНУ-ын иргэн Дейрдре Гриффит, Өмнөд Австралиас оролцогч Виллемиен Жусте нар тодорчээ. Эхний хэмээн тодотгосны учир нь эл уралдааныг энэ жил хоёр удаа буюу долоо, наймдугаар сард зохион байгуулж буйгаараа онцлог. Сүүлчийн уралдаан нь энэ сарын 10-нд эхэлнэ.
“Монгол дерби” нь дэлхийн хамгийн урт, бартаат замын морин уралдаан юм. Оролцогчид дунджаар 1000 орчим км-ийг мориор өртөөчлөн туулдаг. Өртөөнүүдийг малчин өрхөд тулгуурлан байгуулдаг учраас орон нутгийн иргэдийн амьжиргаанд ихээхэн хувь нэмэр оруулдаг гэж үздэг. Энэ жилийн уралдаан гэхэд Монголын аялал жуулчлал, орон нутгийн эдийн засагт хоёр тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж судлаачид тооцжээ.