Энэ оны эхний зургаан сард манай улсад ирсэн жуулчны тоо цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үеийнхээс гурав дахин багассан ч 2021 оныхоос 6.1 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, энэ жилийн эхний хагаст Монголд 73 672 жуулчин ирсэн байна. Үүний 56 хувь нь аялал жуулчлалын компаниар дамжин ирсэн бол 44 хувь нь хувиараа аялжээ. Судлаачид эдгээр жуулчин “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбарт хэдий хэмжээний орлого төвлөрүүлснийг судлаад, “Монголд ирсэн гадаадын аялагчид ес хоногт дунджаар 1463 ам.доллар зарцуулдаг” гэсэн тооцоо гаргасан аж. Голлох зах зээлээр нь авч үзвэл хятад, орос, солонгос, япон, америк жуулчин хамгийн олон иржээ.