БНСУ-ын алдарт дуучин PSY буюу Сан Игийн тоглолтын тайзыг буулгахаар ажиллаж байсан 20 гаруй насны монгол залуу өндрөөс унаж, нас баржээ. Дуучин Сан Игийн тоглолт энэ сарын 30-нд “Гангнеунг” төв спортын талбайд болсон бөгөөд арын алба, тайз заслын ажилтнууд дараа өдөр нь лед дэлгэц, гэрэлт цамхаг буулгахаар очиход ийм харамсалтай явдал тохиосон байна. Солонгос дахь монголчуудын холбооны мэдээлснээр энэхүү осол уржигдар 15.52 цагт болсон аж. Осол гарснаас хэдхэн минутын дараа түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч зүрх нь хэдийн зогссон байсан гэнэ.
Дуучин Сан Игийн харьяалагддаг “P-Nation” агентлагийнхан өчигдөр эмгэнэл илэрхийлэв. Тэд “Ослын улмаас нас барсан талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаач нь тайзны компанийн туслах ажилтан байлаа. Хөшигний ард хөлсөө дуслуулан ажиллаж байгаа хүмүүсийн хичээл зүтгэлийг бид сайн мэдэх учраас гүнээ харамсаж байна. Ийм ноцтой осол дахин гаргахгүйн тулд хариуцлагатай байна” гэжээ.