НЭНСИ ПЕЛОСИ БАЙДЛЫГ ХУРЦАТГАСАН
Ташрамд дурдахад, Бээжин өөрийн салшгүй хэсэг хэмээн үздэг аралд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси айлчлахаар төлөвлөсөн нь Тайванийн асуудал дахин хурцдах шалтгаан болсон юм. Хэрэв ийм айлчлал хийвэл хариуд нь шийдвэртэй арга хэмжээ авна гэдгээ БНХАУ-ын эрх баригчид янз бүрийн түвшинд удаа дараа анхааруулсаар буй. Н.Пелоси Азийн орнуудаар хийх айлчлалаа өнгөрсөн бямба гарагт эхлүүлсэн бөгөөд энэ үеэр Япон, Өмнөд Солонгос, Малайз, Сингапурт очих юм. Тэрбээр Тайваньд айлчлах бодолтой байгаа ч аюулгүй байдлын шаардлагын улмаас энэ мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ. Нэнси Пелоси Конгресст ажилласан 35 жилийн турш Хятадыг эрс шүүмжилсээр ирсэн. Тэрбээр Хятадад хүний эрх зөрчигдөж байгааг буруушааж, тэрс үзэлтнүүдтэй нь уулзан, 1989 онд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийн тулд Тяньаньмэний талбайд очиж байсан юм. Н.Пелоси эхлээд өнгөрсөн дөрөвдүгээр сард Тайваньд айлчлахаар төлөвлөж байсан ч коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тул айлчлалаа хойшлуулжээ. Улмаар наймдугаар сард айлчлалаа хийх боломжтой талаар мэдээлэхдээ дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзсан ч өнгөрсөн долоо хоногт “Тайванийг дэмжих нь чухал” гэж мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан “South China morn¬ing post” сонинд мэдээлснээр АНУ, Хятад хоёр Тайванийн хоолойн ойролцоо цэргийн хүчээ нэмэгдүүлж байна. Тодруулбал, БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми Тайванийн хоолойн эсрэг талд байрлах Фузань муж дахь Лунтянь агаарын баазад нэмэлт хүч шилжүүлэн байрлуулжээ. Тэгвэл “Рональд Рейган” тэргүүтэй Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцны цохилтын бүлэг Сингапурын боомтоос Өмнөд Хятадын тэнгист ирэв. “АНУ дахин хүчээ харуулахаар шийдлээ. Одоо Өмнөд Хятадын тэнгис болон Азийн энх тайван, тогтвортой байдалд хэн хамгийн том аюул заналхийлж байгааг тодорхой харж болохоор байна” гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лизянь мэдэгджээ.
Нэнси Пелоси Тайвань руу явахаас эрс татгалзвал хурцадмал байдал намжих магадлалтай. Гэвч АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга тус арлыг зорих, эсэх талаар асуултад урьдын адил тодорхой хариулт өгөхгүй байна.
ПУУЖИНГИЙН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ СИСТЕМ ТҮГШҮҮР ТӨРҮҮЛСӨН ХЭВЭЭР БАЙНА
Хоёр удирдагч утсаар ярихын өмнө БНХАУ-ын ГХЯ Өмнөд Солонгосын шинэ удирдлагад тус улсын өмнөх Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах THAAD системийг нэмж байрлуулахгүй байх шийдвэрийг 2017 онд гаргасныг эргэн санууллаа. Жао Лизянийн хэлснээс үзвэл Мүн Жэ Инийн бодлого нь хоёр орны харилцан итгэлцлийг бий болгож, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн аж. Харин одоо үүнийг өөрчилж болзошгүй байна. Тодруулбал, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Чиний хэлснээр THAAD-ийн талаарх эрх баригчдын байр суурь нь Өмнөд Солонгосын хүлээсэн үүрэг, эсвэл Сөүл, Бээжингийн албан ёсны гэрээ биш юм.
Хятад, Америкийн удирдагчид утсаар ярьсны дараа Өмнөд Солонгос, АНУ-ын Батлан хамгаалахын сайд И Жон Соп, Ллойд Остин нар Вашингтонд уулзах үеэрээ хамтарсан цэргийн сургуулилалтыг БНСУ-ын Зэвсэгт хүчнийхтэй хослуулж, пуужингийн довтолгооноос хамгаалах систем, Америкийн стратегийн зэвсгийг байрлуулах замаар тогтоон барих чадавхаа бэхжүүлэхээр тохиролцов.
Үүнээс гадна Пёньяныг тогтоон барих цаашдын тактикийг хэлэлцэх нь гарцаагүй. БНАСАУ цөмийн долоо дахь туршилт хийх бэлтгэлийнхээ ихэнх хэсгийг дуусгасан бөгөөд туршилтын хугацаа нь зөвхөн тус улсын удирдагч Ким Жөн Уны шийдвэрээс хамаарна гэж Өмнөд Солонгосын эрх баригчид үзэж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ “Пёньян АНУ-тай хийх цэргийн ямар ч сөргөлдөөнд бэлэн байна” гэжээ. “Өмнөд Солонгосын дэглэм, цэргийн дээрэмчид (АНУ) бидэн рүү довтлохоор төлөвлөж, цэргийн тодорхой хэрэгсэл, арга барилд тулгуурлан манай цэргийн хүчний зарим хэсэгт түрүүлж цохилт өгч, устгаж чадна гэж үзэж буй бол эндүүрч байна” гэж БНАСАУ-ын удирдагч 1950-1953 оны Солонгосын дайн дууссаны ойг тохиолдуулан хэлсэн үгэндээ тэмдэглэв.
НАТО-Г ЗҮҮН ТИЙШ ТЭЛЭХИЙГ ДЭМЖИХГҮЙ
Тэрчлэн өнгөрсөн баасан гарагт сайд нарын уулзалтаар дамжуулан Өмнөд Солонгос, АНУ, Япон гурван талт хамтын ажиллагааны цаашдын хэтийн төлөвөө хэлэлцсэн аж. Гэхдээ энэ гурван талын хамтын ажиллагааны хэтийн төлөв тодорхойгүй байна. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 29-нд Испанийн Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд тус гурван улсын удирдагчийн хэлэлцээ эцсийн мөчид цуцлагдах шахсан. Сөүл, Токио хоёр ойртохыг оролдсон хэдий ч эдийн засгийн болоод түүхийн хувьд улс орнуудын хооронд шийдэгдээгүй олон зөрчил байсаар байна. Үүний зэрэгцээ Хятад улс бүс нутагтаа бэхжиж байгаа энэ үед Япон, Өмнөд Солонгосын харилцаа сайжрах нь АНУ-ын хувьд туйлын чухал юм. Ташрамд дурдахад, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд төдийгүй Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши өнгөрсөн баасан гарагт Вашингтонд очсон. Тэрбээр АНУ, Японы гадаад бодлого, эдийн засгийн бодлого хариуцсан байгууллагын дарга нарын оролцоотой “2+2” хэлбэрийн уулзалтад оролцжээ. Мөн Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутагт БНХАУ-ыг тогтоон барих бүс байгуулах Америкийн санаачилгыг тус бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж буй өөр нэг зүйл хэмээн Хятадын тал үзэж байна.
Вашингтон, Сөүл, Токио гэсэн гурван талын хамтын ажиллагаа нь Бээжинг улам түгшээж байгаагийн үндэс нь Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутгийн орнуудыг хяналтдаа авах гэсэн АНУ-ын хүсэл гэдэгт ажиглагчид итгэлтэй байна. Гурван талын эл уулзалт зургадугаар сарын 29-нд болоход НҮБ дэх БНХАУ-ын байнгын төлөөлөгч Жан Зюнь НАТО-г Ази, Номхон далайн бүс нутгийн хэрэгт оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгджээ. Тэрбээр Украинд болж байгаа шиг мөргөлдөөний үрийг тарихгүйн тулд Умард Атлантын эвслийг зүүн тийш тэлэхгүй байхыг анхааруулсан байна.
ХЯТАДЫН АРМИ ЦЭРГИЙН СУРГУУЛИЛАЛТ ХИЙЖ ЭХЛЭВ
Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийн хоолойн эсрэг талд орших Фузянь мужийн эрэгт байлдааны буудлага бүхий сургуулилалт хийж эхэлснийг Пинтань хошууны тэнгисийн аюулгүй байдлын газраас мэдээлжээ. Тус газрын сэрэмжлүүлгээс үзвэл тус бүс нутгийн 08.00-21.00 цагийн хооронд байлдааны хөлөг онгоцнууд сургуулилалтынхаа үеэр буудлага хийж байна. Үүнтэй холбогдуулан бүх хөлөг онгоцыг тус бүсэд нэвтрэхийг хоригложээ. Түүнчлэн өнгөрсөн сарын 29-нөөс Хятадын арми өмнөд нутгийн Гуандун мужийг Хайнань арлаас тусгаарладаг Цюнжоу хоолойн баруун хэсэгт сургуулилалт хийж байна. Өмнө нь Хятадын армийн цэргийн анги, нэгтгэлүүд нийгмийн сүлжээнүүдэд дайнд бэлтгэхийг уриалсан цахим зурвас нийтэлсэн байна. Үүний дараа цэргийн төлөөлөгчид уг мэдээллийг хэвлэлээр дамжуулан тайлбарлахдаа Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 95 жилийн ой болох гэж буйтай холбоотой хэмээн тодотгожээ.