Манай сонины энэ удаагийн “Уншигч сурвалжлагч”-аар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны эрх зүйн хөтөч Ц.Уянга ажиллалаа. Зочноор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)- ны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төв комиссын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Нэнсэндэн оролцов. Тэд хүүхдийн эрт үеийн хөгжлийг дэмжих бодлого, эрх зүйн орчны өнөөгийн байдлын талаар хэлэлцсэн юм.
-Засгийн газраас хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт үед нь илрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Дээрх зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлийг хүүхэд ес, 18, 39 сартай байхад эрт илрүүлэх үзлэгийг өрхийн эрүүл мэндийн төвүүд бүгд тогтмол зохион байгуулж чаддаг уу. Ялангуяа орон нутагт энэ зорилтыг хэрхэн хэрэгжүүлж буй бол?
-Хөгжлийн бэрхшээл, хоцрогдлыг эрт илрүүлэх нь маш чухал үйл явц. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2018 онд хамтарсан тушаал гаргаж, 18, 36 сартай хүүхдэд эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг хийх талаар эрх зүйн баримт бичигт анх удаа тусгасан. 2021 онд дээрх тушаалыг шинэчлэхдээ есөн сартай хүүхдийг мөн үзлэгт хамруулах тухай заалт нэмж оруулсан юм.
Эрт илрүүлэлтийн үзлэгийг өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулахыг үүрэг болгосон. Эхний тушаал гарснаас жилийн дараа буюу 2019 оны арванхоёрдугаар сард үзлэгийн маягтыг ЭМЯ-наас баталсан. Уг ажлыг хэрэгжүүлэхийн тулд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажилтнуудыг сургах, чадавхыг сайжруулах, бэлтгэх хэрэгтэй. “Ковид-19” цар тахлаас үүдэж эмнэл зүйн сургалт явуулах боломж хязгаарлагдсан. Цар тахал гарахаас өмнө баруун дөрвөн аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт эрт илрүүлгийн үзлэгийг удирдах сургагч багш бэлтгэж, эрүүл мэндийн анхан шатны байгууллагын эмч нарыг сургалтад хамруулж, цогц үзлэг хийж эхэлсэн юм. Үүнд эрүүл мэндийн салбарынхан онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна.
-Гурван сайдын хамтарсан тушаалд нэмэлт оруулах болсон үндэслэл нь юу байв?
-Хамтарсан тушаалыг шинэчлэх суурь шалтгаан байсан. Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх насыг олон улсын жишгийн дагуу аль болох бага байлгахыг зорьсон юм. Хоёрдугаарт, хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхэд гэр бүл, асран хамгаалагчийн оролцоог түлхүү хангах шаардлагатай байдаг. Гуравдугаарт, хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэхэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын шинээр баталсан эрх зүйн баримт бичгүүд, нэр томьёотой нийцүүлэх шаардлага тулгарсан.
-Японд очиж туршлага судлахад эрт илрүүлгийг маш нарийвчлалтайгаар хийж байсан. Тухайлбал, есөн сартай хүүхдүүдийн үзлэг зохион байгуулах боллоо гэхэд 30 хоногийн өмнө эмнэлгээс шуудангаар сануулах илгээмж явуулдаг. Үүний дагуу эцэг, эхчүүд нь товлосон цагтаа очдог юм билээ. Улмаар хоцрогдол, бэрхшээл илэрвэл нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөдөг. Манайд эрт илрүүлгийн үйл явц үүнтэй адил байгаасай гэж хүсдэг.
-Японд үүнийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулсан байдаг. Хуульчилна гэдэг нь эцэг, эх хүүхдээ үзлэгт заавал хамруулахад анхаарна гэсэн үг. Таны ярьж буй бол зохион байгуулалтын ажил. Тухайн өрх, сумын эрүүл мэндийн төв үзлэгийг өөр өөрийн онцлогийг харгалзан зохион байгуулж болно. Жишээ нь, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн төвийнхөн алслагдсан бүс нутагт оршин суудаг, 18 сар хүрч буй хүүхдэд хэрхэн үзлэг хийхээ төлөвлөнө. Зөвхөн эрүүл мэндийн бус, хөгжлийн цогц үзлэг хийх ёстой. Гурван сайдын хамтран баталсан тушаалд хүүхдийн эрүүл мэндийг хянах, хөгжлийг дэмжих, эрт оролцооны үйл ажиллагаанд хамрагдах боломжийг нь нээж, загварыг гарган, хэрхэн хэрэгжүүлэхийг ч тодорхой заасан. Эхлээд гэр бүл, хамт олны түвшинд хүүхдийн хөгжлийг хэрхэн хянахыг тодорхой тусгасан байгаа. Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрт хүүхдийн хөгжлийг үнэлэх асуумжууд бий. Эцэг, эхчүүд үүнийг хөтлөхдөө онцгой анхаарч, үнэн бодитоор бичих хэрэгтэй.
-Ягаан дэвтрийн талаар эцэг, эхчүүдэд мэдээлэл хангалттай өгч чаддаг уу. Анх би хүүхдээ өвдөхөд хэнд хандах, хаана үзүүлэхээ мэдэхгүй нэлээд сандарч байсан юм. Тэр үед эцэг, эхчүүдэд тодорхой мэдээлэл, зөвлөгөө өгдөггүй байлаа. Тиймээс ягаан дэвтрийн талаар бүх хүнд маш сайн мэ-дээлж, зөвлөж байгаасай гэж хүсдэг. Хариуцсан яамд нь энэ чиглэлээр хамтран ажиллах ёстой гэж боддог. Манай холбооноос кэйс хэлэлцүүлэг зохион байгуулдаг юм. Эцэг, эхчүүд үүнд маш идэвхтэй оролцож, асуудлаа ярилцдаг. ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төв комисс мөн кэйс хэлэлцүүлэг хийдэг гэж дуулсан. Энэ нь хэр үр дүнтэй байна вэ. Бидэнтэй хамтарч болох уу?
-Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл нэмэлт дэмжлэг шаардлагатай хүүхдийг хөгжлийн дэмжлэг, оролцооны болон боловсролын үйлчилгээнд хамруулахын тулд салбар комиссоос холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжилтнийг урьж, асуудлыг хамтдаа хэлэлцэх үйл явцыг кэйс хэлэлцүүлэг гэж хэлж байгаа. Зүгээр нэг хэлэлцээд орхихгүй, тухайн хүүхдэд тулгарсан асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулдаг. Манай салбар комисс үүнд маш их үүрэгтэй. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “СТАРТ-2” төслийнхөнтэй бид хамтран ажиллаж, кэйс хэлэлцүүлэг хэрхэн явуулах талаарх сургалтууд зохион байгуулсан. Ингэхдээ 30 салбар комиссоо хамруулан, тодорхой нэг кэйсийг сонгон, багаар ажилласан юм. Ингээд салбар комисс бүр кэйс хэлэлцүүлэг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголттой болсон. ХНХЯ-ны төв комиссын зүгээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоотой хамтарч кэйс хэлэлцүүлэг хийх боломж нээлттэй.
-Бид кэйс хэлэлцүүлэг хийхдээ хүүхдийн эрхийг зөрчсөн асуудлуудыг хэлэлцдэг. Ингэхдээ тухайн асуудлыг шийдэх зохицуулалтыг ямар ямар хуульд тусгасныг судалдаг. Цаашлаад тухайн зүйл заалтыг хэн хэрэгжүүлэх ёстойг тогтоон, холбогдох байгууллагууд руу нь албан бичиг илгээдэг юм. Салбар комисс нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, эмч гээд мэргэжлийн баг бүрдүүлэн, кэйс хэлэлцүүлэг хийдэг нь сайшаалтай. Бүх дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх баг ажилладаг уу?
-Юуны өмнө ээж, аав хариуцлагатай байх нь чухал. Дараа нь сум, хорооны эрүүл мэндийн төвийнхөн үзлэгээ сайн хийх ёстой. Үзлэгт хамрагдсан хүүхдэд хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл төрөлжсөн мэргэжлийн багт хандахыг зөвлөнө. Аймаг, дүүргүүдийн эрүүл мэндийн төвд төрөлжсөн мэргэжлийн баг байгуулахыг дээр дурдсан гурван сайдын тушаалд тусгасан байгаа. Цар тахлын нөхцөл байдлын улмаас төрөлжсөн мэргэжлийн багуудын үйл ажиллагаа бүрэн тогтворжоогүй байж магадгүй. Уг баг нь хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг оношлох, үнэлэх, мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хариуцна. Үүнд яагаад мэргэшсэн эмч нар, сэтгэлзүйч, нийгмийн ажилтныг багтаасан бэ гэхээр уг багийнхан эмч нарын зөвлөгөөн шиг хурал хийж, тал талаас нь хэлэлцэн, эцсийн оношийг тогтоох юм. Төрөлжсөн мэргэжлийн баг хуралдсаны үндсэн дээр эцсийн дүгнэлтээ гаргаад салбар комисс руу явуулна. Ингээд тухайн хүүхдийг хөгжүүлэх алхмуудыг хэрэгжүүлэх боломж бүрдэх учиртай.
-Төрөлжсөн мэргэжлийн багт сэтгэлзүйч, хөдөлгөөн засалч, эмч зэрэг олон мэргэшсэн мэргэжилтэн хэрэгтэй. Аймаг, дүүрэг бүрт ийм мэргэжилтнүүд бий юү?
-Хөдөлгөөн засалчийг АШУҮИС-д бэлдэж байгаа. Гэсэн ч одоогоор мэргэжилтний хүртээмж ялангуяа орон нутагт тааруу. Зарим мэргэжилтэн манай улсад дутагдалтай. ХНХЯ-наас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд сэргээн засахын туслах мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Манай яамны зүгээс дутагдалтай байгаа мэргэжилтнийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлж, хамтарч ажиллахыг хичээдэг.
-Тэгэхээр мэргэжилтэн бэлтгэхэд бусад яамны оролцоо хэрэгтэй бололтой. Ялангуяа шаардлагатай мэргэжилтнийг бэлдэхэд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас анхаарах хэрэгтэй юм байна.
-Гурван сайдын хамтарсан тушаалд тусгаснаар бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулах ажлыг удирдан зохион байгуулахыг БШУЯ-нд даалгасан байдаг. БШУЯ ч энэ чиглэлд сүүлийн жилүүдэд харьцангуй дэвшил гарган ажиллаж байгаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэхийн тулд төр, засгаас ямар ажлуудыг хийж байгаа вэ?
-ХНХЯ-ны албан ёсны цахим хуудсанд холбогдох эрх зүйн баримт бичгүүдийн талаарх мэдээллийг хүн бүрт харьцангуй хүртээмжтэйгээр нийтэлдэг. Мөн Нийгмийн хамгааллын салбарын лавлагаа мэдээллийн төв гэж бий. Уг төвд дохионы хэлмэрч ажилладаг. Бүх яам Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлтэй. Аймгуудын Засаг дарга нарын дэргэд мөн салбар зөвлөлүүд ажиллаж байна. Комиссын дүрэмд “Салбар комиссын бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын төлөөллийг багтаана” гэж заасан. Үүний дагуу одоо ихэнх салбар комисст Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны төлөөллийг хамруулсан. Тэд холбогдох мэдээллийг түгээхэд анхаарч ажиллах хэрэгтэй.
-Эрт илрүүлгийн үзлэг удирдах сургагч багш нар ихэнхдээ цахим сургалтад хамрагдсан. Тэгвэл танхимын сургалтуудаа хэзээнээс эхлэх вэ?
-Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах сургалтад эмч, мэргэжилтнүүдийг танхимын болон цахим хэлбэрээр хамруулж байна. ЭМЯ-наас хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үзлэг удирдах сургагч багшийн сургалтыг бүх аймаг, дүүрэгт явуулахаар төлөвлөж байгаа. Одоогоор Хөвсгөл аймгийн бүх сум, Баянгол дүүрэгт тогтмол үзлэг хийдэг болсон. Мөн Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үзлэг хийж буй. Бусад аймагт энэ онд багтаан сургагч багш бэлдэхээр салбарын яамтай хамтран ажиллаж байна.
-Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь илрүүлэх эрх зүйн орчин манайд хангалттай бүрдсэн гэсэн үг үү?
-Үндэсний хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс ажиллаж буй. ХНХЯ-нд төв комисс ажиллаж, салбар комиссуудаа удирдан, арга зүйгээр хангаж ажилладаг. Салбар комиссын үйл ажиллагаа тогтмолжиж, үр дүн сайжирч байна. Өмнө нь эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Эмнэлэг, хяналтын комиссоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг хэлэлцээд, халамжийн мөнгө олгодог байлаа. Харин одоо бол аймаг, дүүрэг бүрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээнд хамруулах асуудлыг шийдвэрлэдэг боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боломжит дээд түвшинд нь хүртэл хөгжүүлэх нь комиссын зорилго. Тухайн хүүхэд аягаа өөрөө бариад, цайгаа уудаг болно гэдэг бол маш сайн чадвар эзэмшсэн гэсэн үг. Хоёрдугаарт, дээр дурдсан, гурван сайдын хамтарсан тушаал бол бодлогын маш сайн баримт бичиг. Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, илрүүлсний дараа хугацаа алдахгүйгээр хөгжүүлэх, нийгэмд оролцуулах гээд бүгдийг зохицуулсан. Одоо хэрэгжилтэд нь анхаарах шаардлагатай.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв танай яамны харьяанд үйл ажиллагаа явуулах нь зөв үү?
-“Эрүүл мэндийн яам хариуцах ёстой ажлыг танайх хийгээд байна” гэж хэлдэг хүмүүс бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв бол эмнэлэг биш. Хүүхдийг хөгжлийн дэмжлэг, оролцооны үйлчилгээнд хамруулах, сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилготой байгууллага. Тиймээс ХНХЯ-ны харьяанд байх нь буруу биш. Энэ нь анагаахын загвараас нийгмийн загвар луу шилжих олон улсын чиг хандлагыг хэрэгжүүлэх эхлэл манайд тавигдаж байгаагийн илрэл гэж хэлж болно.