Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Уг төлөвөөр бол ирэх сард олон жилийн дунджаас дулаан байх аж. Олон жилийн дунджаар наймдугаар сард Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн нутгийн зүүн хойд хэсгээр 8-12, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх сумд 20-24, бусад нутгаар 12-20 градусын дулаан байдаг аж. Тэгвэл ирэх сард төв болон говийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй гэнэ. Хур тунадасны хувьд Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутагт ахиу орох нь. Харин Увсын ихэнх, Ховд, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр хур тунадас бага байх аж. Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөв гаргажээ.