-Тэмцээний товлосон хугацаа ойртох тусам сэтгэл догдолж байна уу. Манай тамирчид Польшийг удахгүй зорих нь дээ.
-Улсаа төлөөлж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх болохоор үүрэг, хариуцлагыг өмнөхөөсөө илүү мэдэрч байна. Тиймээс амжилт гаргана гэж өөртөө зорилго тавьсан. Өмнө нь хотын АШТ-д оролцохдоо дэлхийн аваргад оролцсон туршлагатай тамирчдаас сэтгэл зүйн болон ур чадварын талаар зөвлөгөө авахад “Тэмцээн бол тэмцээн. Дэлхийн аварга гэж сүрдэх хэрэггүй. Сэтгэл зүйгээ өндөр байлгаж, өөртөө итгэлтэй оролцох нь чухал” гэж хэлсэн. Дасгалжуулагч багшийнхаа зөвлөснөөр өрсөлдвөл ур чадвараар бусад орны тамирчдаас дутахгүй.
-Монголд нисэх загварын спорт одоогоор олонд бусад төрөл шиг түгээмэл танигдаагүй байна. Сүүлийн үед амжилт гаргаж буй залуусаа дэмжээд гадаадын тэмцээнд оролцуулдаг болсон нь сайн хэрэг.
-Олон оронд энэ спорт өндөр хөгжсөн. Манайд одоо л хөгжих эхлэл нь тавигдаж байна. Миний хувьд дэлхийн аваргад анх удаа оролцохдоо өөрийн хэмжээнд туршлага хуримтлуулж, нисэх загварыг спортын бусад төрөл шиг эх орондоо хэрхэн хурдан хөгжүүлж, амжилт гаргах вэ гэсэн сэдэлтэй ирэх болов уу. Тухайн улс тамирчдаа хэр дэмжинэ, төдийчинээ амжилт гаргадаг шүү дээ. Азиас өмнөд хөршийнхөн энэ спортод гаргууд. Онгоц үйлдвэрлэлийн чанар нь ч сайжирсан, тамирчдынхаа бэлтгэлд анхаарал хандуулдаг тул ур чадвар нь өмнөхөөсөө ахисан.
-Та Төв аймаг дахь “Залуу зохион бүтээгч” төвийн дасгалжуулагч Ж.Баярбат багшийн шавь нарын нэг. Түүний удирдлагад хэдэн жил хичээллэв?
-Багшийнхаа удирдлагад 2018 оноос хойш нисэх загварын спортоор хичээллэсэн. Би онгоцны моторын дуу анх сонсоод “Хөөх, ямар гоё юм бэ, онгоц нь яасан ч хөнгөн юм. Үүнийг юугаар бүтээдэг бол” гээд гайхаж билээ. Тэр үед нүд нээгдэж “Нисэх загварын спорт орон зай, цаг хугацааг тооцоолж, хурдан сэтгэх мэдрэмжтэй болгодог нь үнэхээр сонирхолтой юм. Энэ бол миний сонирхдог зүйлийн нэг байна” гэж бодоод хичээллэх шийдвэр гаргаж байв. Тэгтэл нэг өдөр багш “ДАШТ-д энэ жилээс эмэгтэй тамирчид оролцох болсон гэнэ. Хоёулаа бэлтгэл хийгээд өрсөлдье” гэв. Бид дэлхийн аваргад оролцохын тулд маш их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулж байгаа. Монголд энэ спортынхон дэмжлэггүй болохоор олонд тэр бүр танигддаггүй. Тухайлбал, БНСУ энэ спортод сонирхолтой оролцогчдоо дадлагыг нь өндөр түвшинд хийлгэж, нисэхийн инженерээр бэлтгэдэг. Тэгвэл манайд дадлага хийхэд олон хүүхэд хамрагдах боломжгүй тул сонирхогчдын тоо цөөн. Өсвөр насныхан спортын төрлүүдээс нисэх загварыг төдийлөн судалж, сонирхдоггүй юм билээ.
-Онгоц хөөргөж бэлтгэл хийсэн анхны өдөр ямар бодол төрсөн бэ?
-Надад бэлтгэл хийх эхэндээ амар байгаагүй. Онгоц жолоодохдоо алдаа гаргах, эсвэл санамсаргүй байдлаас болж унагаад эвдвэл яана, багш надад итгээд чи чадна гээд бэлтгэл хийлгэж байхад урмыг нь хугалах вий гэж их боддог байв. Энэ нь нэг талаар дарамттай санагддаг байлаа. Тэмцээний үед туршлага дутаж, онгоцоо унагаж эвдсэн тал бий. Тийм үед “ДАШТ-д эх орноо төлөөлж оролцох байж ийм алдаа гаргаж хэрхэвч болохгүй” гэж сэтгэл зүйгээ хүнд байлгах ачааг өөртөө үүрүүлж байснаа хожим ойлгосон. Тэр туршлагагүй үеэ бодохоор одоо инээд хүрдэг юм.
-Багш тань бэлтгэлийн үед юу гэж зөвлөдөг бол?
-Тэрбээр “Өөрийгөө таагүй бодлоос чөлөөл. Нислэгийн ийм үед алдаа гаргасан бол дахиж давтахгүй байхыг хичээгээрэй” гэдэг. Миний хувьд эх орондоо зохион байгуулсан хэдэн тэмцээнд амжилттай оролцсоныхоо дараа өөртөө итгэлтэй болсон. Надад эмээж сүрдэхээс илүү монгол хүний авьяас, ур чадварыг дэлхийд харуулна гэдэг бодол төрж байна.
-Нисэх загварын спорт мэдрэмж, туршлага их шаарддаг. Тамирчид тэмцээнд оролцохдоо салхины зүг чигийг зөв тооцоолоогүйгээс онгоцоо унагаж, эвддэг тохиолдол их гардаг юм билээ.
-Би багшаасаа үлгэр дуурайл авдаг. Тэрбээр тамирчдынхаа бие, сэтгэл зүйн байдлыг сайтар ажиглахаас гадна ур чадвар, авьяас, туршлага, амжилт ололт, алдаа гаргах эрсдэл гээд бүх зүйлийг тооцоолж тэмцээнд оролцуулдаг юм. Монголын эрэгтэй тамирчдаас З.Чингис ахын ур чадвар, туршлагаар бахархдаг. Тэмцээнд өндөр сэтгэл зүйтэй оролцож, өрсөлдөгчдөө хождог давуу талтай. Зарим тамирчин талбайд гараад сандардаг бол тэрбээр маш тайван байдаг. Онгоцоо нисгэхдээ салхины зүг чигийг сайтар тооцоолно. Түүний ур чадварыг гүйцэх тамирчин одоогоор манайд алга. Намайг тэмцээнд оролцохын өмнө багш “Салхи зүг чиг байнга өөрчлөгдөнө. Анхаарлаа сайн төвлөрүүлж, хаанаас салхилж байгааг нь мэдэрч, зөв тооцоолоорой” гэж захидаг. Зориулалтын талбайд онгоцоо унагавал эвдрэл гарна. Тиймээс одоохондоо болгоомжилж, задгай талд бэлтгэл хийж байгаа. Улаанбаатараас З.Номундарь Төв аймагт ирж бэлтгэл хийдэг. Бид бэлтгэлийн үед нэгнээ зоригжуулж, урам өгнө. Нисэх загварынхан урам зориг, өөртөө итгэх итгэл, өндөр мэдрэмжээр амжилт гаргадаг.
-Дэлхийн аваргад оролцох тамирчдыг сонгох шалгаруулах тэмцээнд та хамгийн өндөр оноо авч, тэргүүн байр эзэлсэн байх аа?
-Тийм ээ, тэмцээн болох өглөө их сандарсан. Тэр өдөр эрт босож, салхи тогтуун байхад онгоцоо хөөргөж, бэлтгэл хийсэн юм. Тэгтэл цаг агаар гэнэт муудаж, цас ороход багш тэмцээн үдээс хойш дөрвөн цаг хүртэл хойшилсныг дуулгалаа. Ердийн бэлтгэл хийдэг өдрөөс илүү хүйтэнд тамирчид өрсөлдсөн. Салхитай үед онгоц нисгэх эрсдэлтэй. Тэр тусмаа шинэ тамирчдын хувьд онгоц жолоодох маш хэцүү. Миний хувьд багшийнхаа зөвлөснөөс гадна өөрийнхөө мэдрэмжид найдаж, зөв тооцоолох хэрэгтэй байлаа. Эхний даваагаа давчихаад тамирчин байхын амаргүйг ойлгосон. Цастайд гар даарч, бээрэхэд тэмцээнд оролцмооргүй санагдсан ч “Тамирчин хүний тэсвэр, хатуужлыг харуулж, дэлхийн аваргад өрсөлдөх эрх заавал авах ёстой. Намайг оролцуулахын тулд багш минь ямар их цаг хугацаа зарцуулж, бэлтгэл хийлгэсэн билээ” гэж бодсон. Тэмцээний дараа шүүгчид онооны дүнг танилцуулахад багш “Номин чи түрүүлж, ДАШТ-д оролцох боллоо” гээд хэлэхэд хөл газарт хүрэхгүй баярласан. Тэр үед өөртөө “Номио чи эхний даваагаа давлаа. Цаашид бэлтгэл, сэтгэл зүйдээ анхаарах хэрэгтэй шүү” гэж олон удаа хэлсэн.
-Нисэх загвараас өмнө спортын өөр төрлүүдээр хичээллэдэг байсныг үеийнхнээс тань сонссон. Сонирхуулж яриач.
-Би сагсан бөмбөг, волейбол, шатар, даамаар тоглодог. Анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл зүйгээ тогтвортой болгоход шатар, даам их нөлөөлсөн. Сууж сурахын тулд тэсвэр, хатуужил их шаардана. Нэг өрөг нүүхэд наанадаж хоёр цаг суудаг юм. Энэ чадваруудыг өөртөө суулгасан минь давуу тал болсон гэж боддог. Хөнгөн атлетикаар спортын гараагаа эхэлж, дараа нь уртын харайлтаар хичээллэсэн. Монголд болсон Азийн АШТ-д даамаар оролцож байлаа. Спортын ачаар тэвчээртэй болсон минь амьдралд ч хэрэг болдог. Нисэх загварын спорт сэтгэл зүйтэй их холбоотой. Сэтгэл зүйн байдлаасаа болж тамирчид тэмцээнд ямар ч алдаа гаргаж болно. Тиймээс өөртөө дүгнэлт хийж, алдаа дутагдал гаргахгүйг үргэлж хичээдэг.
-Тэмцээнд тамирчдын стиль имиж чухал. Ямар тамирчнаар бахархаж, үлгэр дуурайл авдаг вэ?
-Тамирчдыг олон улсын тэмцээнд батлагдсан брэнд онгоцоор оролцдог тухай өмнө нь сонссон. Гадаадаас онгоц захиалахад 10 гаруй сая төгрөгийн үнэтэй. Бид тэмцээнд оролцохдоо өөрөөсөө зардал гаргах болохоор өндөр өртөгтэй онгоц захиалах боломжгүй. Багш тухайн онгоцыг масштабаар нь нэгбүрчлэн буулгаж, надад зориулж тусгай онгоц бэлдсэн. Дэлхийн аваргад оролцохоосоо өмнө багшийнхаа хийсэн онгоцоор бэлтгэл хийж байгаад явна. Болгар улсын эмэгтэй тамирчин Николийн стиль имиж их таалагддаг. Түүний хувцаслалт, хөдөлгөөн, биеийн хэлэмж чансаа өндөртэйг нь илэрхийлдэг юм. 2018 оны ДАШТ-д өрсөлдсөн бичлэгийг нь сонирхож үзээд ур чадвараар нь их бахархсан шүү.
-“Хүмүүн” цогцолбор сургуулийнхан өөрийг тань хэр ойлгож дэмждэг вэ?
-Тус сургуульд намар анги дэвшиж, 11 дүгээр ангид суралцана. Надад өглөө эрт хичээл эхлэхээс өмнө бэлтгэл хийх хэрэг гардаг. Заримдаа бэлтгэлдээ анхаарал хандуулаад сургууль дээр болж буй үйл явдалд оролцож амждаггүй. Тийм үед ангийн нөхөд минь сайн ойлгодог. Сургуулийн удирдлага, багш нар “Номин гадаадын тэмцээнд оролцох бэлтгэлээ хийх ёстой. Чамайг зарим хичээлээс чөлөөлж байна” гэдэг юм. Нутгийн хүмүүс намайг дэлхийн аваргад оролцох тухай сонсоод “Монголоос өрсөлдөх анхны эмэгтэй тамирчин гэнэ ээ” гэж ярьдаг юм. Би багаасаа бүжиглэх дуртай. Гимнастик, латин америк бүжгийн спортоор хичээллэсэн. Дараа нь үндэсний бүжгээр дагнаж бүжиглэдэг байлаа. “Цөмөөхэй” бүжгэн жүжигт тоглох сонгон шалгаруултад оролцохоор балетаар хүртэл хичээллэсэн. Мөн цэнгээнт бүжиг ч сонирхдог. Аймгийнхаа театрт 13 жил бүжиглэлээ. Өмнө нь нутгийнхаа наадмын нээлтийн тоглолтод оролцдог байснаа нисэх загварын спортоор хичээллэснээс хойш завгүй болсон. Наадмын үеэр урлагийн тоглолтод оролцож завгүй өнгөрүүлдэг байсан надад энэ жил бөхийн барилдаан, сур харваа, морины уралдаан үзэх тун сонирхолтой байлаа.
-Спортын талбарт тамирчдыг амжилт гаргахад гэрийнхнийх нь дэмжлэг их нөлөөлдөг шүү дээ.
-Эмэгтэйчүүд нисэх загварын спортоор хичээллэхэд тохиромжтой. Ээж намайг хувь хүн талаас минь, өөрийнхөө ур чадварыг хөгжүүлэх зүйлд ч уриалгахан оролцуулдаг. Би ээжтэйгээ зөвлөлдөж, шийдвэр гаргах дуртай. Онгоц нисгэхэд гар минь эхэндээ эцэж өвддөг сөн. Тэр үеийг бодвол одоо түүртэхээ больсон. Гарынхаа булчинг хөгжүүлэхийн тулд агаарын болон софт, ширээний теннисээр хичээллэж байна. Нисэх загварын спорт олон төрөлтэй. Тухайлбал, F1A (планерийн) F1B (pезин хөдөлгүүрт), F1C, F1P (хугацаат нислэгийн загвар) гэх мэт. Төрлийнхөө онцлогоос хамаарч шаардагдах хүчин зүйл нь өөр. Үүнээс миний оролцох төрөл нь F2B ангилал. Агаарын спортод цаг агаар, байгалийн хүчин зүйл их нөлөөлдөг.
-Эгчийнхээ бэлтгэл хийхийг хардаг дүү нарт нь уг спортоор хичээллэх хүсэл төрж байгаа болов уу?
-Би айлын ууган охин, хоёр дүүтэй. Надаас дүү нар минь үлгэр дуурайл авах болохоор багаасаа сайн эгч байхыг хичээж ирлээ. Ээж минь хүнд өвчтэй, асаргаанд байдаг. Ирээдүйд ар гэрээ авч явах, дүү нартаа үлгэрлэж, зөвлөх хүн нь би болохоор одооноос өөрийгөө зөв тодорхойлж, төлөвшүүлэх чадваруудыг суулгах ёстой. Намайг зөв явбал дүү нар минь ч зөв явна. Тэд минь намайг нисэх загвараар хичээллэж байгааг анх сонсоод “Эгч ээ, та ямар онгоц хөөргөж, нисгэх вэ. Шидээд л хөөргөчихдөг үү” гэж асуудаг байв. Ангийнхандаа “Манай эгч агаарт нисдэг онгоц жолооддог” гэж ярьсныг нь сонсоод инээд хүрч байсан ч дотроо их бэлгэшээсэн. Ирээдүйд хичээллэдэг спорттойгоо холбоотой мэргэжил эзэмшиж, нисэхийн инженерээр суралцах бодол бий.
-Та дэмжлэг хүсэж, ганц нэг байгууллагад хандаж, санал тавив уу?
-Намайг дэмжих ямар байгууллага байна, түүн рүү хүсэлт явуулсан. ДАШТ-д оролцох болсныг минь дэмжиж, “Nomin united cen¬ter office” ивээн тэтгэхээр боллоо. Мөн “Номин холдинг” ХХК-ийн хамт олон тодорхой хэмжээний зардлаар тусалж байгаа. МИАТ компани Франкфурт хүртэл ирэх, очих онгоцны тасалбар даасан. Мөн “Авто ойл” компанийн удирдлага дэмжлэг үзүүлж хоёр сая, мөн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар миний хүсэл мөрөөдлийг сонсож өөрийн зүгээс нэг сая төгрөг гардуулсан. Надад итгэж тусалж буй байгууллага, хүмүүст маш их баярлалаа. Тэмцээнд эх орноо төлөөлж амжилттай оролцохын тулд одоо надаас шалтгаалах зүйл үлдлээ. ДАШТ-д Номин бус, Монгол Улсын нэр гарах тул өөрийгөө бүх талаар дайчилж, багшийнхаа заасан бүхний үр дүнг гаргана.
-Үеийнхнээсээ нийгмийн сайн дурын ажилд идэвхтэй оролцдог болохыг тань өнгөрсөн хавар мэдсэн. Та УИХ, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачлагаар хэрэгжүүлсэн “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн чуулга уулзалт болоход Төв аймгаас сонгогдож оролцсон байна билээ.
-Нийгмийн ажилд ямар ч мэргэжил боловсролтой хүн оролцож болдог. Миний хувьд нийгмийн сайн дурын ажилд идэвхтэй оролцдог. Хүн өөрийгөө сорьж, олон талаар хөгжүүлэх ёстой. Монголд өнгөрсөн хавар “Өсвөрийн парламент” чуулга уулзалт болж, “Үндэсний парламентийн боловсрол” хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлэхэд Төв аймгаас сонгогдсон юм. Бид УИХ, ардчилал гэж юу вэ гэдгээс эхлээд төсөл хэрэгжүүлэх хүртэл нэг жилийн хугацаанд олон зүйл судалж, УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүдэд танилцуулcан. Надад ийм зүйлээр дагнавал ирээдүй байгааг олж харсан. Тиймээс инженерийн чиглэлээр суралцаж, боловсрол эзэмших хүсэлтэй байгаа. Надад МИАТ компаниас “Сургуулиа төгсөөд хойшид манай байгууллагад ажиллаж болно шүү” гэсэн санал тавьсан. Ж.Баярбат багшийн шавь нараас хоёр нь БНСУ, нэг нь ОХУ-д нисэхийн чиглэлээр сурдаг юм. Хүн зорьж буй зүйлдээ тууштай байвал амжилтад хэрхэн хүрдгийг түүний шавь нараас харсан. Тиймээс тэдэн шиг ур чадвартай болохын тулд хичээж байгаа.