Узбекистаны Ташкент хотод үргэлжилж буй өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, “Алдар” спорт хорооны Ч.Март, Өвөрхангай аймгийн Б.Дэмбэрэлдорж, Хөвсгөл аймгийн хүндийг өргөлтийн багш дасгалжуулагч Г.Чинбат нараар ахлуулсан Монголын баг тамирчид хүч сорьж байна. Тэднээс шагналын салхи хагалж Г.Энэрэл залуучуудын ангилалд эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд түлхэлттэй өргөлтөөр хүрэл медаль хүртлээ. Мөн тус ангилалд өрсөлдсөн Б.Хонгорзул 59 кг-д огцом өргөлтөөр хүрэл, түлхэлттэй өргөлтөөр мөнгө, нийлбэр өргөлтөөр хүрэл медаль гардав. Тэгвэл өсвөр үеийнхний ангилалд оролцсон туйванчдаас 76 кг-д Л.Болортуяа огцом, түлхэлттэй өргөлтөөр нийлбэр дүнгээр удаалж мөнгөн медаль гардсан бол 71 кг-д О.Төгс-Эрдэнэ мөн огцом, түлхэлттэй өргөлтөд тус бүр түрүүлж, Азийн аварга боллоо.