“No Naadam”, “Nodoublestandart” гэх зэрэг жагсаал, цуглаан зохион байгуулж, цар тахлын үеийн хязгаарлалтын дэглэм зөрчсөн, хууль сахиулагчийг эсэргүүцэж, хаалттай Цагдан хорих ангиас эрүүгийн хэргийн холбогдогчийг гаргасан зэрэг хэрэгт холбогдсон Э.Одбаяр нарын таван хүнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долоо хоногт хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Гэвч олон нийтийн сүлжээнд “Таван залууг үзэл бодлоо илэрхийлж, дайныг эсэргүүцсэн гэж Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлалаа”, “Дайныг эсэргүүцсэн залууст ял өгсөн фашист прокурор, шүүгчдийн нэр ус, намтар, зургийг ил болго” гэх зэргээр бичиж байна.
Тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээний талаар прокурорын байгууллагаас тайлбар өглөө. НПГ-аас иргэн Э.Одбаяр, Б.Бямбагэрэл, Л.Ганхөлөг, Б.Билгүүн, Ц.Чинбат нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг энэ сарын 22-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн. Тодруулбал, иргэн Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Бямбагэрэл, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарыг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, “2021 оны аравдугаар сард хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж, мөрдөх байгууллагаас хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлсний дагуу хэргийг хянаж байх хугацаанд Г.Ган-Очир нь улсын хилээр гарч явсан. Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах зайлшгүй шаардлагатай болж, бусад оролцогч нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах санал шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээнд гарч буй мэдээлэл үндэслэлгүй, ташаа гэж прокурорын байгууллагаас тайлбарласан юм.