ОХУ-ын Буриад улсын Өвөр Байгалын хязгаарын Агинский тосгонд олон улсын XIV “Алтаргана” наадам болж байна. Уг наадмыг зорьж Монгол, ОХУ, БНХАУ-ын ӨМОЗО-оос нийт 10 мянга гаруй хүн цуглажээ. Нээлтийн үеэр тэдгээрээс наадмын талбайд тусгайлан зассан замаар манай улсын болон ОХУ-ын Буриад, Эрхүү муж, түүнчлэн Казахстан, Киргиз улс, Якут, Приморийн хязгаар, Москва, Санкт-Петербург, Калининград, Красноярск хотын буриад оршин суугчид, ӨМОЗО-ы төлөөлөгчид гээд 1000 хүн өөр, өөрсдийн тугийг намируулан жагссан аж. Наадмын хоёр дахь өдрийн байдлаар зохион байгуулсан уралдаануудын дүн түрүүчээсээ гараад байлаа. Тухайлбал, буриад ардын дууны төрлийн 17-35 насныхны ангилалд манай улсын Консерваторын ардын дууны урлагийн II курсийн оюутан, Оросын нэрт хөгжмийн зохиолч И.Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XI уралдааны тэргүүн байрын эзэн Б.Ариунбат гран при шагнал хүртжээ. Буриад бөхийн барилдааныг 60, 70, 80, -92, +92 кг гэсэн таван жинд явуулсан байна. Хамгийн хүнд +92 кг-ын жинд улсын заан Д.Анар хоёрдугаар байр эзэлжээ. Тэрбээр ОХУ-ын Буриадын нэрт бөх Цыбик Максаровтой барилдаж үзүүрлэв. Манай сонины дугаар шилжих мөчид тус наадмын хүрээн дэх гоо бүсгүй шалгаруулах “Дангина” уралдааныг шууд дамжуулахад бэлэн болоод байлаа.