“Улаанбаатар хотын цэвэр агаар” нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын бүсэд байрладаг есөн сургууль, цэцэрлэгийн барилгын дулааны алдагдлыг бууруулахаар төлөвлөжээ. Үүний хүрээнд Налайх дүүргийн VIII хороонд байрлах 208 дугаар цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах их засварыг хийж дууссан байна. Тус цэцэрлэгийн барилга нь хана, суурь зэргээрээ дулаан алддаг, өвлийн улиралд тасалгааны температур 10-12 градус байдаг аж. Улмаар хүйтнээс болж хүүхдүүдийн дунд өвчлөл ихсэн, анги дүүргэлт муу байсан гэнэ. Цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулахад 285 сая төгрөг зарцуулсан бөгөөд их засварыг өнгөрсөн зургадугаар сарын 8-наас эхлүүлжээ. Уг ажлын хүрээнд барилгыг гурван давхар шил бүхий битүүмжлэл сайтай цонхтой болгож, суурь, ханыг дулаалж, дээврийг засаж, шинэчилсэн байна. Ингэснээр тус цэцэрлэгийн 204 хүүхэд дулаан, ая тухтай орчинд сурч, хүмүүжихийн зэрэгцээ эрчим хүч хэмнэх боломж бүрджээ.