.
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж буй гэнэ. Тус байгууламжийн эхний хэсгийг энэ жил ашиглалтад оруулах аж. Өнгөрсөн онд Жаргалантын аманд уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар зэрэг барилга үерт автах эрсдэл үүсжээ. Тиймээс зарим байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн удаа дараагийн хүсэлтийн үндсэн дээр уг аманд үерийн далан барьж буйг Геодез, усны барилга байгууламжийн газраас мэдээлэв. Тус газрын далан, сувгийн ашиглалт, засварын инженер Д.Ариунбаатар “Нисэхийн далан, сувгийг 1980- аад оны үед барьсан бөгөөд насжилт нь хэтэрсэн. Далангийн эхлэл хэсэг ахуйн хог хаягдлаар дүүрч, дунд хэсэгтээ усанд идэгдэн нурсан байсныг үе шаттайгаар нөхөн сэргээж буй юм. Нэг км гаруй урттай энэ далан Нисэхийн аюулгүйн тойргоос чиглэсэн авто замын, Жаргалантын амны үерийн хамгаалалтад хуримтлагдсан усыг хүлээн авч, Туул голд цутгадаг” гэв.
Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод буй замын ус зайлуулах 209 км шугамын 70 хувийнх нь насжилт хэтэрчээ. Мөн үерийн хамгаалалтын далан, сувгуудыг 1960-1970 онд барьсан тул хуучирч, муудсан гэнэ. Тиймээс хотын 163 км далан, сувгийг үе шаттайгаар шинэчлэх шаардлагатай аж.