-Дотоодын жуулчдаа зөв тоолдог болох сон-
Үндэсний их баяр наадмын урт амралтын өдрүүдээр дотоодын аялагчид ид хөдөлгөөнд ордог. Энэ жил ч ес хоногийн амралтын хугацаанд орон нутгийг, ялангуяа байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудыг зорих хүний тоо эрс нэмэгдсэн. Аялагчдын цуваа одоо ч тасраагүй, үргэлжилсээр байна. Тэгвэл аялал жуулчлалын оргил үеэр яг хэдэн хүн дотооддоо аялж байна вэ. Тэд хаана очив, тэр хэрээр байгаль орчинд хэр их хохирол учруулав, улмаар энэ зах зээлд хэр их хөрөнгө эргэлддэг зэрэг нь тодорхойгүй. Холбогдох аль ч байгууллагынханд эдгээрийн талаар бүрэн дүүрэн мэдээлэл, судалгаа байдаггүй. Тус салбарын бодлогыг тодорхойлдог Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан гэхэд л наадмын амралтын өдрүүдэд 500 000-670 000 иргэн орон нутагт аялсан гэх тойм тоо хэллээ. Мөн наадмын өдрүүдэд гадаадаас ирсэн жуулчны тоо 23 000 орчим гэсэн бөгөөд нарийвчилсан дүнг одоохондоо гаргаагүй гэв. Үүнд үндэслэж тооцвол дотоодын аялагчид гадаадынхаасаа ойролцоогоор 30 дахин их байжээ. Өөрөөр хэлбэл, энэ зах зээлийн 90 гаруй хувийг нь дотоодын аялагчид эзэлж байна гэсэн үг юм. Гэвч дотоодын аялагчид руугаа чиглэсэн бодлого манайд алга. Харин олон улсад бол дотоодын жуулчлал нь орон нутагт хэр хэмжээний хөрөнгө оруулдаг, нэг аялагч ойролцоогоор хэдэн төгрөг зарцуулдаг зэргийг нарийвчлан тодорхойлж, түүндээ үндэслэн бодлого боловсруулж байна.
“Зам, тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газраас юутай ч наадмын амралтын хугацаанд буюу энэ сарын 9-17-нд нийслэлээс гарсан автомашинуудыг тоолсон байна. Тус төвөөс гаргасан мэдээллээр бол наадмын амралтын хугацаанд Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх дөрвөн товчоогоор 117 710 автомашин гарчээ. Нийслэлээс орон нутгийг зорьсон нийт машины тоонд үндэслэж, нэгэнд нь ойролцоогоор дөрвөн хүн суусан гэж тооцвол 500 000 орчим хүн хөдөө явсан гэж таамаглаж болох нь. БОАЖЯ-наас мэдээлсэн тооны үндэслэл нь энэ бололтой.
Гэхдээ энэ тоог бодитой гэж үзэж болох уу. Учир нь нийслэлээс гарсан бүх хүн аялах зорилгогүй байж болно. Зарим нь хотод түр ажлаар ирээд буцаж яваа орон нутгийн хүн ч байж магадгүй. Нөгөө талаар зөвхөн нийслэлийн иргэд аялдаггүй. Бусад аймаг, сумын иргэд ч аялах зорилгоор өөр газрууд руу явж болно. Аялна гэдэг нь зөвхөн хотоос хөдөө явахын нэр төдий биш. Говь-Алтай, Дундговь гэх мэтээр говийн аймгийн иргэд жишээ нь, зун гол, устай хангай газар, ялангуяа Хөвсгөл, Буйр, Увс зэрэг томоохон нуурыг зорих нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэдгийг аялал жуулчлалын салбарын судлаачид хэлдэг. Аяллын зорилгоос нь дүгнэвэл дотоодын жуулчдын тоо албаны мэдээллээс нэлээд зөрүүтэй гарах магадлалтай.
2015 онд Хөвсгөл аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбосон. Тэр үеэс дотоодын аялал жуулчлалд “бүүм” үүсэж, жил бүр хэдэн мянган иргэн Хөвсгөл нуурыг зорих болсон. Гэтэл түүнээс хойш долоон жил өнгөрчихөөд байгаа атал манай улс аялагчдынхаа тоог ч бүрэн гаргаж хэвшээгүй өдий хүрэв. Хөвсгөлөөс гадна Буйр, Улаагчины хар, Тэрхийн цагаан зэрэг нуурыг чиглэсэн аялагчдын урсгал ч жилээс жилд нэмэгдсээр байна. Тэдгээрт хэзээ, хэдэн хүн очиж байгаа нь ч бас тодорхой бус. Жил бүрийн зун харьцангуй олон хүн очдог Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан л хэдэн аялагч хүлээн авснаа тоолох, бүртгэх, улмаар хяналт тавих гэж оролдож байна. Сүүлийн нэг сарын хугацаанд дотоодын 94 355, гадаадын 8000 аялагч, нийт 18 870 автомашинаар нэвтэрсэн гэх тоог Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас гаргажээ. Бүртгэлийг илүү нарийвчлалтай байлгах үүднээс уг тусгай хамгаалалттай газар луу нэвтрэх хураамжийг иргэд гар утсаараа буюу QR код ашиглан төлөх боломжийг энэ сараас эхлэн бүрдүүлсэн гэнэ. Түүнээс хойш 2561 хүн QR код уншуулж, нэвтэрчээ. Энэ нь сайн жишээнд тооцогдож буй ч “Тус газрын шалган нэвтрүүлэх цэг нь шөнө ажилладаггүй юм билээ” гэх мэдээллийг Хөвсгөлд аялсан иргэд хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, зөвхөн өдрөөр нэвтэрсэн иргэдийг л бүртгээд, шөнө очсон хүмүүс аялагчдын тоонд ордоггүй гэсэн үг.
Цахим үндэстэн болох зорилго, чиглэлийг Засгийн газраас эхлээд орон нутгийн засаг захиргааны гэх мэтээр бүх түвшинд ярьснаас хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрлөө. Тэгвэл одоо дотоодын аялагчдыг бүртгэхэд хэцүү биш болсон байлтай. Монгол Улсад гар утасгүй хүн тун ховор болсон. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны мэдээлснээр бол манай улсад гар утасны тоо хүн амаасаа ч давж, 4.3 саяд хүрчээ. Үүнээс 3.4 сая нь ухаалаг утастай юм билээ. Тэгэхээр дотоодын аялагчдынхаа тоог гар утсаар нь дамжуулан бүртгэж, шалган нэвтрүүлэх аль аль цэгүүдээр дамжин, голчлон хаана очиж амарч, аялж байгааг нь тодруулж яагаад болохгүй гэж. Ийм нөөц, боломжийг “Цахим үндэстэн болно” гэж цээжээ дэлдэж буй хүмүүс яагаад ашиглахгүй байна вэ.
“Дотоодын аялагчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ” гээд үзэхэд БОАЖЯ-наас “Жуулчдын зорин очих газруудад жил бүр отоглох 20 цэг бий болгох арга хэмжээг зохион байгуулж байна. 2021 оны байдлаар улсын хэмжээнд 23 отоглох цэг байгуулсан. Энэ онд орон нутгийн оролцоотойгоор 17 цэг нэмж байгуулахаар ажиллаж байна” гэх ядмагхан тайлбартай. Орон нутгийнхны хувьд аяллын гол чиглэлүүдэд танилцуулга, эсвэл сэрэмжлүүлгийн самбар байрлуулах, хог цэвэрлэх л ажилтай. Аялагчдын тоо хэдэн мянгаараа нэмэгдэж байхад төр, засаг нь хэдхэн цэг барихаас өөр дорвитой ажил хийсэнгүй. Үндсэндээ салбарын яамны ажлын хурд дотоодын аялагчдыг гүйцэхгүй байна гэсэн үг. Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилд жуулчдын урсгал харьцангуй татарсан. Эл хугацааг ашиглан, олон бэрхшээлээ шийдэж, цэгцэлж болох л байв. Гэтэл наад захын асуудлаа ч шийдэж чадаагүй байж “400 сая жуулчин хүлээн авна” гэж ярьж онигоонд орсон тал бий.
Бүртгэл, судалгаа, бодлогогүйн гороор Монгол орны үзэсгэлэнт газрууд хүний хөлд талхлагдаж, сүйдэх болсныг сүүлийн жилүүдэд байнга ярьж байна. Нөхцөл байдал энэ жил ч давтагдав. Хөвсгөл нуурын эрэгт наадмын өдрүүдэд хөл гишгэх зайгүй шахам өнжсөн. Тэрхийн цагаан, Улаагчины хар зэрэг нуурыг зорьсон иргэд ч хүний хөл хөдөлгөөн, хог их байгаад халаглаж буй. Түүгээр зогсохгүй Буйр нуурт очсон хүмүүс ховорт тооцогддог, “Улаан ном”-д орсон хясааг нь хүртэл түүж, чанаж идэх болсныг иргэд нийгмийн сүлжээнд бичиж байна. Бас хяналт сул байгаагаас иргэд цэнгэг уст нуурт орж, хувцсаа угаан бохирдуулах болжээ. Түүнчлэн Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар аялагчдын үлдээсэн хогонд байнга дарагддаг. Энэ сарын 10-18-нд 65 удаагийн тээвэрлэлтээр 198 тонн хог цэвэрлэснээ тус газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлсэн бөгөөд уг ажилд сайн дурынхныг хамруулж байгаа гэв.
Ийм замбараагүй байдал нь бодлого боловсруулагчдаас хамааралтай гэж болно. Өдий болтол дотоодын аялагчдын талаар тоо, судалгаа гаргаагүй байгаа нь тэднийг буруутгах шалтгаан юм. Хэрэв жил бүр тоог нь бодитой гаргаж ирсэн бол үүндээ үндэслээд даацаа үнэлж, тухайн газрууд руу чиглэсэн зөв бодлого хэрэгжүүлэхэд дөхөм болох байсан. Бас төдөн хүнд зориулсан бие засах газар болон бусад үйлчилгээг зохицуулах боломжтой. Өргөн уудам газар нутагт аялал жуулчлалын шинэ “бүтээгдэхүүн” бий болгон, зах зээлээ тэлж, өрсөлдөөн нэмэгдэн, үнэ буурах сайн талтай.