Дугуйн спортын “Tour de Mongolia-2022” олон өдрийн уралдааныг Ховд аймагт ирэх сарын 6-14-нд анх удаа зохион байгуулна. 23 дахь удаагийн тус тэмцээн Монголын баруун бүс нутагт өрнөх болсон нь спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байгаа. Үүнээс өмнө тамирчид энэ сарын 23, 24-нд “Скайтел” группийн нэрэмжит шилжин явах цомын тэмцээн, 30-нд сонирхогчдын засмал замын дугуйн УАШТ-д хурд сорих аж. Ташрамд дуулгахад, Олон улсын дугуйн холбооны дэргэдэх “Korea satelite” төвийн сургалтад Баянхонгор аймгийн “Хонгорын дугуйчид” холбооны дасгалжуулагч С.Мөнхбаатар, “Team OGGI” клубийн Ж.Анужин нар хамрагдаж байна. БНСУ-д ирэх сарын сүүлчээр болох залуучуудын ангиллын “Tour de DMZ” олон улсын олон өдрийн тэмцээнд Монголын шилдэг дугуйчид өрсөлдөх юм.