Дэлхийн шатрын холбооноос Энэтхэгийн Ченнай хотод энэ сарын 26-наас ирэх сарын 10 хүртэл шатрын 44 дүгээр олимпиадыг зохион байгуулна. Энэ удаа 187 орны 343 багийн тамирчид эмэгтэй, эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөх юм. Тэмцээнд насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь тэмцээний шигшээ шатны тэмцээн Хэнтий аймагт өнгөрсөн тавдугаар сард болоход эхний таван байрт шалгарсан тамирчин эх орноо төлөөлж оролцохоор болжээ. Монголын эрэгтэйчүүдийн багийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од, эмэгтэйчүүдийг ОУШХ-ны дасгалжуулагч Ц.Батсайхан ахална. Манай их мастеруудаас эрэгтэйчүүдийн ангилалд Д.Батсүрэн, эмэгтэйчүүдийнхэд А.Энхтуул нэгдүгээр ширээнд тоглох аж.