ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад өчигдөр айлчиллаа. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийсний дараа талууд мэдээлэл өгөв. Б.Батцэцэг “Манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг Улаанбаатар болон Москвад тэмдэглэн өнгөрүүлснээр бид харилцааны хувьд нэгэн шинэ зууныг эхлүүлсэн. Сүүлийн үед хоёр улсын бүс нутаг хоорондын харилцаа эрчимжиж, хамтын ажиллагааны өргөн боломж нээгдэж байна. Үйлдвэр байгуулах, тээвэр ложистикийн чиглэлд хамтран ажиллах сонирхол бий. ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлыг хуваарийн дагуу хийж буй. Мөн төмөр замаар манай улсын баруун болон зүүн талаар хоёр хөрштэйгөө холбогдох коридоруудын асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ эрчим хүчний салбарт объектуудын шинэчлэл, өргөтгөлийн төслүүдийг хамтран үргэлжлүүлэхээр ярилцлаа” хэмээв. Харин С.В.Лавров “ОХУ-ын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буй та бүхэнд талархлаа илэрхийлье. Манай хоёр улсын хооронд сайн хөршийн харилцаа олон чиглэлээр хөгжиж байна. Хоёр талын болон олон улсын харилцааны асуудлаар бид санал солилцсон. Мөн 2019 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрийн дагуу хоёр талын хамтын ажиллагааг улам илүү өргөжүүлэх хүсэлтэй гэдэгт бид санал нэгдсэн. Манай хоёр талын худалдаа эрс өсөж байгаа. Өнгөрсөн онд худалдаа 30 хувиар өссөн бол энэ оны эхний хагас жилд дахин 45 хувиар нэмэгдсэн” гэлээ. Энэ үеэр зарим иргэн ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалыг эсэргүүцэн Төрийн ордны гадна жагслаа. Тэд дайныг буруушаан, хүчирхийллийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Бэлтгэсэн М.Оч