Цаг хугацаа урсан өнгөрч, бүтэн нэгэн жилийг ардаа орхижээ. Цаг хугацаа юунд ч сааталгүй эргэдэгтэй адил таны минь надад бэлэглэсэн “Полёт” загварын орос бугуйн цаг ч зогсолтгүй цохилсоор л байна. Таны минь бэлэглэсэн энэ цагийн зүүг буцаан эргүүлж болдогтой адил цаг хугацааг нэг, хоёрхон жилээр ч болов ухраагаад тантайгаа хамт хэсэгхэн ч болов цуг байх сан. Таныхаа тухай бичихээр эрхгүй л бага нас минь дурсагдах юм. Та минь яг нэг жилийн өмнө биднийгээ орхин оджээ. Харин цаг хугацаа эргэн яг нэг жилийн дараа уйтай тэр өдрийг бодон, аав таныгаа дурсан аньсага дүүрэн нулимстай үгээ эвлүүлэн ядан сууна.
Хүүхэд бүрийн аав, айл болгоны өрхийн тэргүүн нөмөр нөөлөг болсон эцэг хүн үр хүүхдийнхээ хувьд үгээр илэрхийлж, үзгээр бичиж хүчрэхгүй агуу том ертөнц байдаг ажгуу. Миний аав ч тийм л нэгэн байсан юм. Өсөж, төрсөн Өмнөдэлгэр нутагт минь Гансүх нэртэй олон хүн бий. Тэдний дундаас аавыг минь ялгахдаа “Соёлын төвийн захирал” гэх нь ч байдаг. Гансүх багш гэдэг хүмүүс ч бий. Нүднээс далд бол “Дух” Гансүх хэмээцгээнэ. Өргөн магнайтай, духаараа хардаг нэгэн болохоор тийнхүү дууддаг байсан юм болов уу даа. Айлын ганц хэнз хүү, өрх тусгаарлан Өмнөдэлгэрт очоод гурван хүүхдийн аав болж, суугуул нутагтаа соёлын үрийг тарьж байсан нэгэн гэдгийг өмнөдэлгэрчүүдийн нэлээд нь мэдэх билээ.
ААВААСАА САЛДАГГҮЙ МИНИЙ БАГА НАС
“Аавынхаа тухай ярихаар бага нас минь дурсагдана аа” хэмээн Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Болдбаатарын дуулсан дуу бий. Үнэхээр л аавынхаа тухай бичихээр, дурсахаар яалт ч үгүй бага насны дурсамж, дурдатгалууд нүдний өмнө хөврөх юм. Айлын ууган хүү болоод ч тэр үү, ааваасаа салдаггүй нэгэн байлаа, би. Айлд орсон ч, албан томилолтоор хөдөө явсан ч салахгүй. Сургуульд ороогүй байхдаа нэг намар бригадын өдөрлөгөөр аавыгаа дагаад сумын клубийн “Кубан” гэж нэрлэдэг автобустай замд гарсан юм. Тэр үед бригадын өдөрлөгт сумаас нүүдлийн худалдаа, ахуйн үйлчилгээ, кино үзвэр, эрүүл мэндийн үзлэг гээд л цөөнгүй хүн очиж соёлын үйлчилгээ үзүүлдэг байв. Баянзүрх бригадад өдөрлөгөө хийж дуусчихаад маргааш өглөө нь хуучин Хэнтий сум байсан, өнөөгийн Хэнтий баг руу явж байтал автобус онхолдчихов. Тэнд хамгийн бага нь таван нас өнгөрч яваа би, хамгийн өндөр настай нь дээрх бригадаас сумын төв рүү явахаар дайгдсан Палам гуай гэж 70 гарч яваа хөгшин байсан юм даг. Автобус гурав өнхөрсөн гэдэг. Азаар энэ үеэр нэг ч хүний амь эрсдээгүй ээ. Жолооч Г.Цэнд ах, кино механикч Х.Халтар гуай, Пүрэвдаваа эмч, аав минь гэсэн хэдэн хүн гэмтэж Хэнтий сумын эмнэлэгт хүргүүлсэн юм. Тэр үед буурай минь гурвын бидонтой сүү сайтар таглаад өгч явуулсан нь автобус “хөрвөөхөд” асгарч, би гэдэг амьтан цагаан алаг болчихсон, хурууны өндөгнүүд цонхны шилний бутархайд зүсэгдсэн, цус гарснаас өөр гэмтэлгүй босоод ирж. Автобуснаас зүв зүгээр гарсан аав минь намайг ямар ч гэмтэл, бэртэлгүй байгааг хараад санаа нь амарсан юм уу, тэр даруй ухаан алдсан юм. Тэгэхэд “Кубан”-д сууж явсан 16 хүнээс хамгийн хүнд гэмтсэн нь аав минь байж билээ. Сумынхаа эмнэлэгт нэлээд хугацаанд хэвтэж эмчлүүлээд гарч байв. Ийнхүү осолдсоны үдэш нь тухайн үеийн Өмнөдэлгэр сум, нэгдлийн даргаар ажиллаж байсан, хэдхэн хоногийн өмнө Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор шагнуулсан Г.Аюурзана дарга тэргүүтэй хүмүүс ослын газарт болон Хэнтий бригадын эмнэлэгт очиж зорчигчдыг сумын төвийн эмнэлэг рүү татаж, үдэш болсон хойно намайг өвөр дээрээ суулган авчраад ээжид минь хүлээлгэн өгч байж билээ.
Ааваасаа салалгүй байнга дагаж явснаар уул шиг нөмөр нөөлөг болсон эрхэм хүмүүнийхээ хобби гэх юм уу, цахилгаан хэрэгсэл, цаг, мотоцикл зэргийг задалж угсрахад дэргэд нь байсан болохоор багаасаа суралцаж байжээ. Буурайгийнхаа дээрээ хонхон сэрүүлэгтэй цагийг засаж байна гээд тараагаад араа бүрийг нь эргүүлээд тоглочихдог, “ВеФ-206” радио задлаад доторх деталуудаар нь дүүтэйгээ “танк” хийгээд байлдчихдаг байсан минь тодорч байна. Аав айлын хүний “Иж Планета-3” мотоциклыг нь засахаар багажаа бариад очиход дагаж гүйгээд тухайн айлын хүүтэй нийлж, тоглоод нохойд ноцуулж аавыгаа сандаргаж, тэврүүлэн хүйсээ тойруулж тариулж байсан минь саяхан мэт.
Дунд сургуулийн 2-3 дугаар ангид орсон үеэр зураг, радио, цагны тагийг нээлгэх, мотоциклын деталуудын эрэг, боолтыг тайлуулж, чангалуулах, дугуй задлуулж сургачихсан юм даг. Цагаан сар, наадам болох үед яагаад ч юм бэ, сумын төвийн олон айлын зурагт, радио эвдэрдэг байж. Гэрээр дүүрэн засуулахаар авчирсан цахилгаан хэрэгслүүд болчихно. Аав тэр болгоныг нь чадахаасаа чадахгүйгээ хүртэл ноцолдож, засагдахыг нь засаад болохгүйг нь хэлээд буцааж өгнө. Тэр болгоноосоо төлбөр, мөнгө авч байсан нь цөөн. “Рекорд” тэврээд авчирч чадахгүй айлууд руу гагнуурын алхаа бариулаад намайг дэгдүүлнэ. Аавын минь өөрөө хийсэн гагнуурын алх одоо хүртэл надад бий. Сумын олон айлын хойморт байх “Рекорд-345” хайрцганд энэ гагнуурын алхаар лампны суурийг нь тогтоосон биз ээ.
Мотоциклын сэг, сэлбэг цуглуулж, “Иж Планета 2, 3, 4, 5”-ын эд ангиуд нэгдсэн унаатай болж, хөдөө буурайгийнх, сумын төвийн хооронд хоёр дүүтэй минь хамт зөөчихнө. Нэг удаа нар хэвийсэн хойно сумын төв рүү аав бид хоёр давхиж явтал мотоциклын таваг арааны хадааснууд тасраад хээр хонох шахаж билээ. Гэхдээ 30-аад км газар шөнөжингөө ээлжилж түрсээр гэрийн бараа харахад онхолдож гэмтэл авсан дал нь жигтэйхэн их өвдөж байсан ч гүрийсээр явсан нь салдаггүй эрх хүүгээ хээр хонуулж айлгахгүй л гэснийх биз ээ.
УРЛАГ СОЁЛООР ТАСЛАХГҮЙГ ХИЧЭЭСЭН ЗҮТГЭЛТЭН БАЙЛАА
Намайг ухаан ороход аав минь тамхи татдаг нэгэн байв. Баруун эгнээнд С.Баатарсайхан гуай агент ажиллуулна. Тийшээ гүйж хүрээд “Аавдаа тамхи авъя” гээд хэлнэ. “Беломорканал”, ВТ гэсэн тамхи нэлээд зөөсөн байлгүй. Тамхи авчруулчихаад сумын иргэдийн засуулахаар авчирч өгсөн зурагт, радио, цагтай ноцолдчихно. Тамхиа гүйцэд татсан ч юм байхгүй, үнсний саванд уугиулж орхидог, утаа нь савсаж л байдаг байв. Утаа саагиулдаг болсон тухайгаа “Жүжигт тоглож байхдаа навчин тамхи татаж сураад түүнээс хойш нөхөрлөсөн” хэмээдэг байлаа. Гэхдээ намайг дунд сургууль төгссөн жил гэнэт л хаячихсан, түүнээс хойш насан эцэслэтлээ тамхилаагүй, архи бараг уухгүй, шар айраг, шарз баяр ёслолын үеэр багахан шиг амсдаг байсан юм.
Аав минь засварчин хүн биш л дээ. Гэхдээ Өмнөдэлгэрийн олон айл эвдэрсэн цахилгаан хэрэгсэл, машин, мотоциклынхоо цахилгаан эд ангийг засуулахаар манайхыг зорьдог байсан гэхэд хилсдэхгүй.
Уг нь аав минь Москвад Е.Вахтангов болон Б.Щукины нэрэмжит Театр урлагийн дунд сургууль төгссөн жүжигчин мэргэжилтэй нэгэн. Сургууль төгсөж ирээд Барилгачдын соёлын ордонд ажиллаж байж. “Цагаан сар ба хар нулимс” киносюжет, холбоочин М.Жанчивын тухай “Мөнхийн гавьяа” баримтат нийтлэлд дүрээ мөнхөлсөн нь МҮОНТВ-ийн сан хөмрөгт бий гэдэг.
Ээжтэй минь ханилаад илгээлт аван Өмнөдэлгэрт очиж, пионерын удирдагч ч нэг хэсэг хийж. Дараа нь сумын клубт киномеханикч болж, улмаар Соёлын төвийн захирлын албан тушаалыг олон жил хашсан урлаг, соёлын зүтгэлтэн байлаа. Дунд сургуулийн сурагчдад гэрэл зургийн, кино механикчийн дугуйлан хичээллүүлнэ. Уран уншлагад саяхныг болтол хүүхдүүд бэлдэж, уралдаан тэмцээнд оролцуулж явсан юм даг. Нэгдэлчин, малчдын дундаас дуулах, жүжиглэх авьяастай хүмүүсийг олж “Соёл урлагийн гурав хоног”-т оролцуулснаас аймагтаа болон улсад нэртэй дуучид болсон нь ч бий, найранд гурван дуугаа хэнээр ч шахуулахгүй дуулчихаад явчихдаг нь ч байгаа. Тэр үеийн нэгдэлчдийн дундаас театрын жүжигт тоглох авьяастнуудыг ч олж бүрэн хэмжээний жүжиг найруулан Өмнөдэлгэр төдийгүй ойролцоох сумуудаар тоглуулдаг ч байв. Аливаа баяр, ёслолыг тохиолдуулан сумын сайн дурын уран сайханчдыг цуглуулан концерт, урлагийн арга хэмжээ, хөгжөөнт тоглоом зохион байгуулж, урлаг соёлоор таслахгүйг хичээж явж байжээ.
Улс орон даяар зах зээлд шилжиж, сум маань гэрэл цахилгаан алдаг оног ирдэг байсан үе. Тэр үед моод болж байсан видео киног гаргах тоног төхөөрөмж авахын тулд аав минь шаахайтай мотоциклоор хот руу ирж, өнгөт зурагт, приставка авч Өмнөдэлгэрт аваачсанаар сумын Соёлын төвд 35 мм-ийн бус, видео хальсны кино гаргаж орлого олж байж билээ. “Хонда” мотор асаагаад л хотоос авчирсан олон кассетнаасаа кино гаргана. Энэ мэтээр Соёлын төвийн төлөвлөгөөт орлогыг бүрдүүлэх гэж чармайдаг байсан юм даг. Аав минь 1998 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулчихаад “Гавьяат” болсны дайтай жигтэйхэн их баярлаж байж билээ.
ААВГҮЙ НААДАМ, НААДАМГҮЙ ЗУН
Хэдхэн хоногийн дараа улс түмнээрээ баяр цэнгэл наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам гэдэг шиг, аавтайгаа хамт эхлүүлсэн тэр жилийн наадмууд үнэхээр сайхан санагдана. Гэрэл цахилгаангүй ч гэлээ Соёлын төвийн мотор, цахилгааны утас, цагаан хоолой, уртын дуутай кассет бэлдэх гээд аав бид хоёрын наадам эртнээс эхэлнэ.
Дэлгүүрээс цагаан цууямбуу авч, толийтол татаж дөрвөн буланг нь хадаж, гэрийнхээ шалан дээр тогтоогоод шугамдан зарлалын анонс бичихээс аав бид хоёр наадмын бэлтгэлд гардаг байлаа. Түүнийгээ Соёлын төвийн дээвэр дээрээс унжуулаад газарт бэхлээд байрлуулчихна. Морьтой, мотоциклтой залуус овоорон уншаад л тардаг сан. Хэд хоногийн өмнөөс сумын сайн дурын уран сайханчдыг дуудаж, үр хүүхэд, үнээ мал, сүү саалиа зохицуулж, ирэхийг үүрэгдээд концерт бэлдүүлнэ. Бэлтгэлийн үеэр алдаа гаргасан хүнийг айхтар загнаж зэмлэж байх нь ч бий. Ийм нэг наадмын бэлтгэлдээ миний багын найзыг аваачаад гитартай дуулуулан өдгөө нэрд гарсан дуучин болох замд хөтөлж байлаа.
Дараа нь эвдэрхий цагаан хоолойнуудаа засаж, нарийхан зэс утсаар мембран дуу өсгөгчүүдийг нь ороон тасарсан хэсгийг нь наана. Наадмын өглөө эрт очиж, цагаан хоолой радио узелиэ зоосны дараа аав минь “Эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт уяачдаа! Азаргаа мордуулаарай” хэмээн зарлаад “Төрийн түмэн эх” уртын дуутай кассетаа хөгжимд бэлтгэн эгшиглүүлдэг сэн. Үдэш нь сумын Соёлын төвд баяр наадмын концерт, үдшийн цэнгүүн бүжиг эхлүүлчихээд харьж амардаг сан.
Нэг жилийн би мотоциклоо унаж яваад эвдэж, наадмын талбай руу цахилгаан үүсгүүр хүргэх унаагүй болчихлоо. Аавдаа ч загнуулав. Шаварт унасан шарын эзэн гэгчээр ааваас урьтаж гараад “Хонда”-г нь өргөж алхан наадмын талбайд хүргээд радио узелийг нь асаан наадмын нээлтэд эгшиглүүлдэг дуунуудыг нь тавьчихаад аавыг талбай явахад нь мотоциклтойгоо ноцолдон асаагаад узелийнх нь жижиг шовгорын гадаа унаад хүрч билээ. Тэр үед аав минь инээмсэглэж, мушилзсаар духан дээр минь үнэрлэж байсан сан.
Энэ мэтээр аавтайгаа өнгөрүүлсэн цаг мөч бүхэн нүдэнд тодроод байх юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн жил хот, хөдөөгүй хөл хорьж, гэр гэртээ хоригдсон. Энэ үед аавын найз, Хүний гавьяат эмч П.Жавзанрагчаа үзээд хот руу явж нарийн шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэ гэсэн юм. Гэвч оройтсон байжээ. Хөл хорионы дэглэмийг бага зэрэг сулруулахад хүүхдүүдээ авахаар очихдоо аавыгаа дагуулан ирж эмнэлэгт үзүүлэхэд хорт хавдар хэмээх уршигт ужиг өвчин эмчилгээ авахааргүй, илаарьшихааргүй болгосон байлаа. Гэртээ харина гэж зүтгэсээр хотоос сумдаа очоод сар гаруй болов. Ээлжийн амралтаа аваад аав, ээждээ очно доо гэж бодож явсан ч түүнээсээ өмнө шөнө хагаслан нутгаа зорьж, үүрээр гэртээ ороход аав минь биднийг хараад нүдэнд нь нулимс цийлэгнэн угтсан юм. Хөвгүүдээ, охиноо, бэрүүдээ, ач зээ нараа сайтар тойруулан хараад эцсийн амьсгалаа татсан сан. Аав минь тэнгэрт хальсан тэр жил цар тахлын улмаас Үндэсний их баяр наадмаа ч хийгээгүй өнгөрөв. Цар тахал дэгдээгүй сэн бол аав минь эртхэн биеэ эмчлүүлээд үр хүүхэд бидэнтэйгээ өнөө жилийн наадамдаа Оюунболдынхоо дээлийн захын мушгина гээд яриад суух байсныг ч үгүйсгэхгүй.
Аав минь таны засаж өгч бэлэглэсэн цагийн зүү эргэлддэгээрээ эргэлдсээр л байна. Таны бэлэглэсэн “Полёт” цагийг одоо ч би зүүх дуртай хэвээрээ. Зах зээл эхэлчихсэн, бүх зүйл ховордсон 1990 оны хавар гуравдугаар ангид байхад төрсөн өдрөөр минь бэлэглэсэн энэ цаг одоо болтол эргэлдсээр байгаа юм. Эргэх цагийн хүрдийг, энэ орчлонгийн жамыг эгшин ч болтугай зогсоож, буцааж хүчирдэг сэн бол...
Г.Цолмон