Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч, агрономич Ш.Шинэбаяртай ярилцлаа.
-Энэ жил улсын хэмжээнд хэдэн га газар тариалалт хийв. Ургацын төлөв ямар байна вэ?
-Улсын хэмжээнд 333 000 га талбайд улаан буудай тарьсан нь өнгөрсөн жилийнхээс 70 000 орчим га-гаар багассан дүн болжээ. Мөн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2021 оныхоос 5000 га-гаар нэмэгдүүлэн 18 000 га-д хүнсний ногоо тарьсан бол 17 000 га талбайд төмс суулгасан. Эндээс ургацаа бүрэн авбал, төмс, улаан буудайн хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ хүнсний ногооны ургацын хэмжээг өнгөрсөн жилийнхээс 40 орчим хувиар ахиулах тооцоо бий. Түүнчлэн өнгөрсөн хавар цаг уур олон жилийн дунджаас сэрүүвтэр байснаас улаан буудайн тариалалт оройтсон. Улаан буудай тарихаар бэлтгэж байсан цөөнгүй аж ажуйн нэгж рапс тарьжээ. Тиймээс рапсын тариалалтын хэмжээ өнгөрсөн жилийнхээс 20 хувиар нэмэгдсэн байна.
-Ургацаа бүрэн авахын тулд юу хийвэл зохих вэ. Ямар эрсдэл байгаа бол?
-Манай улс жилд 10 000 тонн бордоо хэрэглэдэг. Үүний 40 орчим хувиар нь хүнсний ногоо, үлдсэнээр нь үр тариагаа борддог. Тэгвэл энэ жил ОХУ, Украины нөхцөл байдлаас болж ОХУ-аас нийлүүлдэг азотын бордоондоо квот тогтоон, экспортоо хязгаарласан. Мөн өнгөрсөн хавар улс хоорондын мөнгөн гүйлгээ саатсан, валюын ханшийн өсөлт зэргээс шалтгаалж дотоодын компаниуд 3000 тонн бордоо импортолсон. Энэ нь манай хэрэглээний 30 хувь юм. Түүнчлэн нэг тонн бордоо 2021 онд 2.1 сая төгрөгийн үнэтэй байсан бол өдгөө 3.9 саяд хүрч, бараг хоёр дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд өндөр үнээр бага хэмжээтэй бордоо импортолсон. Гэхдээ энэ бол зөвхөн манай улсад тохиолдсон бэрхшээл биш. ОХУ, Украин нь газар тариалангийн бүтээгдэхүүний орцын дийлэнх хувийг нийлүүлдэг гол экспортлогчид учраас олон улсад ийм асуудал үүссэн гэсэн үг.
-Нийт хэрэглээнийхээ 30 хувьтай тэнцэх бордоо татан авсан учраас ургацын хэмжээ багасна гэсэн үг үү?
-Бордооны хангамж муу байгаа нь ургацын хэмжээ багасах шууд шалтгаан болохгүй. Ургамал ургах үеийн арчилгаа тордолгоог сайн хийх нь чухал. Ургамал нь амьд организм учраас өвддөг, хортон шавжид идүүлдэг, хог ургамалд өртдөг. Зургадугаар сарын 20-ноос хойших 20 орчим хоногийн хугацаа бол хог ургамалтай тэмцэх үе. Хог ургамалтай тэмцэх нэг арга нь грибцид хэрэглэх. Хог ургамал бол үндсэн таримлын шим тэжээлийг сорж, ургацын хэмжээг 40 хүртэл хувиар бууруулах нөхцөл болдог. Түүнчлэн сүүлийн жилүүдэд ургамлын өвчин нэмэгдсэн. Өнгөрсөн жил чийг ихтэй байснаас өмнө нь мэдэгдэж байгаагүй навч шарлах болон хүрэн зэв, шар зэв гэдэг өвчин тариалангийн талбайд илэрсэн. Тиймээс өвчний эсрэг арга хэмжээгээ авах учиртай гэсэн үг. Мөн шавжууд гарч ирж, ургамлын гол, түрүүг идэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан гурван эрсдэлийг тооцон, хариу арга хэмжээ цаг алдалгүй авбал ургацын хэмжээ буурахгүй байх боломжтой. Аж ахуйн нэгжүүд хариуцлагатай хандан, технологийн дагуу ажиллах учиртай юм. Манай холбооны зүгээс шаардлагатай зөвлөмжөөр ханган, газар дээр нь үнэлгээ хийхийн зэрэгцээ цахимаар мэдээлэл өгч байгаа.
-Грибцид болон ургамал хамгааллын бусад бодис хэрэглэх хугацаа үргэлжилж буй гэлээ. Тариа, ногооны талбайд ургамал хамгааллын бодисын хэрэглээ өндөр байгаагаас хүнсний эрүүл ахуй алдагдаж байна гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Том хэмжээний талбайд улаан буудай тарьж байгаа тохиолдолд ургамал хамгааллын бодис хэрэглэх нь зүйн хэрэг. Ийм бодисыг технологийн дагуу, зөв тунгаар нь хэрэглэхгүйгээр ургац авах талаар саналтгүй. Хүний бие өвдөхөд эм уудагтай адил таримлын өнгө төрх, ургалтын явцаас шалтгаалж ургамал хамгааллын бодис хэрэглэх шаардлага гардаг. Түүнчлэн нэг тонн улаан буудай бэлтгэхэд манайд гурван литр грибцид ашиладаг бол олон улсад 15 литрийг хэрэглэдэг жишиг бий. Ер нь ургамал хамгааллын бодисыг зохистой түвшинд хэрэглэж байж бид арвин ургац авна. Ургамал хамгааллын бодис, бордоог эрдэмтэд олон жилийн судалгааны үр дүндээ тулгуурлан гарган авсан, хөрсний эм тан гэж ойлгож болно.
БНСУ, Япон, Герман зэрэг газар тариалангийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэгддэг улсад нэг га талбайд 500-700 кг бордоо, 15-20 литр ургамал хамгааллын бодис хэрэглэдэг. Ийм их хэмжээгээр хэрэглэдэг ч хөдөө аж ахуйн даган мөрдөх журмаа сайн биелүүлдэг учраас бүтээгдэхүүн нь экологийн цэвэр байдлаа хадгалдаг гэсэн үг. Ер нь бодис, бордоог хугацаанд нь зүй зохистой хэрэглэвэл асуудал үүсэхгүй. Тариалангийн томоохон компаниуд хяналт сайтай, ургамал хамгааллын бодисоо зохих ёсоор нь хэрэглэдэг. Харин өрхийн тариаланч бүрийг хянан магадлаад байх боломжгүй учраас хэн ямар бодис хэрэглэж байгааг хэлэх арга алга.
-ХААИС-ийн эрдэмтэд, багш нар төрөл бүрийн бордоо, ургамал хамгаалын бодис гаргасан, гарааны компани байгуулсан нь цөөнгүй. Газар тариалангийн салбарт шаардлагатай бодис, бордоог дотоодоос хангах боломж хэр байдаг бол?
- Газар тариалангийн нэг тонн бүтээгдэхүүн гарган авахад азот 35, фосфор 28, кали 22 кг-ыг зарцуулдаг. Мөн хүхэр, цайр, зэс зэрэг 17 микро элемент шаардлагатай байдаг. Азот, фосфор, кали бол ургамлын үндсэн хоол тэжээл. Манай говийн бүсийн ширгэсэн нуурын сав газар кали элбэг учраас кали үйлдвэрлэж болно. Мөн фосфорын ордууд байдаг бол бууцнаас азот гарган авч болдог. Нэг га талбайд хэрэглэх азот гарган авахын тулд 40 тонн бууц хэрэгтэй болдог учраас азот үйлдвэрлэх түүхий эд бага байна гэсэн үг. Харин дээр хэлсэнчлэн кали, фосфор үйлдвэрлэх түүхий эд бий. Ер нь бордоо, ургамал хамгааллын бодисын үйлдвэрлэл бол тариалангийн салбарын хөгжилтэй салшгүй холбоотой. Алсдаа дотооддоо үйлдвэрлэх байх. Хөдөө аж ахуйн чиглэлийн гарааны компаниуд гадаадаас түүхий эдээ авч, бордоо хийж байгаа бөгөөд хэмжээ нь төдийлөн их биш.
-19 нэрийн хүнсийг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьсан. Үүнийг хэр боломжтой гэж харж байна вэ?
-Манай улсад газар тариалангийн салбар улам бүр хөгжиж буй. Тиймээс бид бүх төрлийн хүнсний болон нарийн ногоо, тосны ургамлын тариалалтыг нэмэгдүүлж, хэрэгцээгээ хангах боломж бүрэн бий.
Хүмүүс цагаан будаа, элсэн чихэр тарьж болох уу гэж асуудаг. Манай улс энэ хоёр хүнсийг дотоодоос хангах зорилгоор цөөнгүй судалгаа хийж байсан. Тухайлбал, 1970-аад онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Буянт сумд үхрийн ферм байгуулж, тэжээлийг нь бэлтгэх зорилгоор чихрийн манжин тарьж байжээ. Нэг га талбайгаас 40 тонн чихрийн манжин хурааж байсан гэдэг. 1990 оны үед Зүүнхараад чихрийн манжин тарьж, элсэн чихрийн үйлдвэр байгуулсан жишээ бий. Мөн ХААИС-д суралцаж байсан вьетнам оюутнууд Ховдын Үенч сумд 1972 онд цагаан будаа тарьж, туршиж байсан юм билээ. Чихрийн манжин, цагаан будааг хаана тарьвал үр дүнтэй байхыг тогтоон, тарих хэрэгтэй, ургах боломжтой. Ер нь манай оронд ургахгүй таримал цөөн. Усны л асуудлаа зөв шийдвэл хаана ч ямар ч таримал ургана.
-Өнгөрсөн жил тариаланчид улаан буудай тушаасан мөнгөө авч чадахгүй, хэл ам гарсан. Ер нь улаан буудай тариад ашиг багатай, рапс таривал хэрэгтэй талаар ч ярьж байсан. Энэ жил рапсын тариалалт өссөн нь үүнтэй холбоотой юу?
-Манай тариаланчид эх оронч хүмүүс гэж би хэлнэ. Төр, засгаас ч боломжийн хэрээр дэмжсэний үр дүнд бид улаан буудайн хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа. Рапс бол тариалангийн талбайн сэлгээ болдог, экспортлох боломжтой, үнэ цэнтэй бүтээгдэхүүн. Тиймээс жил ирэх бүр авах ургацын хэмжээ нь нэмэгдсээр байгаа бөгөөд яагаад рапсын тариаланг нэмэгдүүлж болохгүй гэж.
-Та нөхдийн хамтаар шар айргийн арвай тарьж буй гэсэн. Таримал ургамлын улсын сорт сорилтын зөвлөлөөс батламж авсан байсан. Энэ талаараа сонирхуулаач.
-Агронимич мэргэжил эзэмшин, хөдөө аж ахуйн салбарт ажиллаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд цөөнгүй таримлын сортыг гаргахад оролцсон. Хамгийн сүүлд өнгөрсөн жил шар айргийн зориулалттай “мон-пи-арвай-5” сортыг Таримал ургамлын улсын сорт сорилтын зөвлөлөөр баталгаажуулан, ирээдүйтэй сортоор батлуулсан. Бага хэмжээний талбайд тарьж буй. Манай улс жилд 20-25 сая ам.долларын үнэ бүхий арвайн соёолж импортолдог. Хэрэв шар айргийн арвайг дотооддоо тарьж хэвшвэл том зах зээл бий гэсэн үг. Арвай нь түргэн болцтой, улаан буудайн талбайн сэлгээ болдог зэрэг давуу талтай.
Бэлтгэсэн С.Цэрэндулам