Шийдэл зайлшгүй чухал асуудлуудыг наадамтай хольж хутган мартаж, булзааруулж, бултуулж үл болно. Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын замын түгжрэл, хүн амын төвлөрлийг бууруулах зорилгоор иргэдийн орон нутгаас нийслэлд ирж суурьших шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох санал гаргасан боловч нийслэлийн ИТХ-аар батлаагүй. Хурлын төлөөлөгчид олон нийтийн дургүйцлийг сөрж “Баталъя” хэмээн гар өргөж чадаагүй гэхэд хилсдэхгүй. Жилд дунджаар 30 мянга гаруй буюу дундаж аймгийн хүн амтай тэнцэхүйц тооны хүн Улаанбаатарт шилжин ирж суурьшдаг учраас хот бүхий л талын ачааллаа даахаа больсон тул ийм шийдвэр гаргая, дэмжээд өгөөрэй хэмээн хотын удирдлага санал оруулсан ч талаар болсон нь энэ.
Улсын нийслэлийг удирдаж буй эрхмүүдэд орон нутгийн хүмүүсийг улсынхаа нийслэлд оруулж болохгүй гэсэн бодол хаанаас орж ирдэг юм бол гэж хүмүүс гайхсан. Арга ч үгүй. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хаана оршин суухаа, өөрөөр хэлбэл, амьдрахаа өөрөө сонгоно гэж заасан байдаг. Иргэдийнхээ уг, язгуур эрхийг хүндэтгэн эдлүүлэхэд Үндсэн хуульт Монгол Улсын оршихуйн утга ч оршдог буюу.
Манай орны газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод улсын нийт хүн амын 47.6 хувь нь амьдардаг бөгөөд тэдний амар амгалан амьдралын эрх ашгийн төлөө хүн амын 52.4 хувийн эрхэд халдаж болохгүйг Үндсэн хууль хэлж өгч байна. Цаашид амьдрал урьдынхаараа үргэлжилнэ. Жилд олон мянган хүн ирж суурьшсаар байх болно. Тэгэхээр яах вэ. Бүдүүлгээр хэлэхэд орон нутгийнхныг тэнд нь байлгах, хотынхонд саад болохгүйгээр амьдарч, хөгжих нөхцөл бололцоогоор хангахын тулд ажиллах ёстой болж байгаа биз дээ. Уг нь энэ талд санаа тавьдаггүй биш, анхаардаг. Улс орны хөгжлийн баримт бичгүүдэд ч бүс нутгийн хөгжил гэсэн тусгай бүлэг, заалтуудаар яах ёстойг нь хэлээд өгчихсөн байдаг. Гэвч хэрэгжүүлдэггүйн гай өнөөдөр улсын хүн амыг хотынхон, хөдөөнийхнөөр нь ялгаварлахад хүргэж байна. Төр, засаг улсыг, хүн амаа ч бүсчилж, оновчтой тактикаар хөгжүүлнэ гэсэн бодлогоо умартсан юм гэж саная. Тэгвэл үүний төлөөсөнд орон нутгийнхныг алагчлах болох нь ээ.
Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга асан З.Энхболд “Улаанбаатар хот байтугай, УИХ, Засгийн газарт ч ийм эрх байхгүй гэдгийг тайлбарласан Үндсэн хуулийн цэцийн 2002 оны тогтоол бий. Улаанбаатар дөрвөн уулын дундаасаа гарч тэлэх ганц л сонголт байгаа” хэмээн бичсэн байсан. Иргэдийн шилжилт хөдөлгөөн гэх ойлголт аль хэр өндөрт дархлаажсан асуудал вэ гэдэг эндээс харагдаж буй юм.
Тэгвэл асуудлын гол болсон Улаанбаатарын замын түгжрэл, хүн амын төвлөрлийг хэрхэн бууруулах юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Замын түгжрэлийг хэрхэх тухайд сүүлийн арав гаруй жилд нийслэлийн Засаг дарга ба түүний командынхан янз бүрээр “янцаглав”. Байсхийгээд нэг шинэ төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж ирнэ. Алийг нь ч хэрэгжүүлдэггүй. Бүтцийн алба, нэгжийнхнийхээ саналыг хүлээж авдаггүй. Засаг дарга нарт бүхнийг өөрөө мэдэж, шийдэх гэж дөргүй мэт зүтгэдэг дутагдал байдгийг хэлж өгдөг хүн байдаг юм уу, үгүй юм уу. Хотын удирдлага шийдэхээ шийдэлгүй л яах вэ. Гэхдээ доороос ирсэн санал, санаачилгуудыг үр ашгаар нь эрэмбэлэн, боломжтойг нь хэрэгжүүлэх шийдвэр гаргаж бас болохоор. Ганц хүн бодохоос хоёр хүн дээр, хоёр хүнээс дөрөв нь дээр гэсэн туршлага, практик байдаг. Тийм ч учраас багаар ажиллах арга барил гэж байдаг буй за.
Нийслэлийн Засаг дарга ба түүний багийнхан их ажил хийжээ. Ганцханыг жишээ болгоё. Энэ нь “Түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийн өртөг тооцсон аргачлал, арга зүйн судалгаа”. Үүнийг нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одсүрэн танилцуулсан юм. Тэрбээр “Улаанбаатарт хүн амын хэт төвлөрөл үүссэнээр сүүлийн 10 жилд бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн тоо 2.4 хувиар өссөн. Энэ нь хотын авто замын сүлжээний багтаамжаас хоёр дахин хэтэрсэн үзүүлэлт. Хотын түгжрэл нэмэгдэхийн хэрээр улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчин, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, өрхийн орлогод сөргөөр нөлөөлж эхэллээ. Хохирлыг мөнгөн хэмжээнд дүйж үзвэл, зорчигчдын цаг хугацааны, шатахууны, тээвэр ложистиктой холбоотой, нийгмийн эрүүл мэндэд учруулж буй болон нөөцийн үр ашиггүй хуваарилалтын зэрэг зардлыг тооцоход Улаанбаатар хотын түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 3.8 их наяд төгрөг болж байна. Ингэснээр хотын дотоодын нийт бүтээгдэхүүний 16, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрсэн байна. Зөвхөн 2022 оны байдлаар түгжрэлийн өртгийг Улаанбаатарын хүн амын тоонд харьцуулахад нэг хүнд ногдох өртөг 2.5, нэг өрхөд ногдох нь 9.2 сая төгрөг гарсан байна” гэсэн. Нийслэлийн удирдлага судалгааны энэхүү дүнг үндэслэж орон нутгийнхныг 2027 он хүртэл хот руу ирүүлэхгүй байя гэсэн юм билээ.
Орон нутгийнхан хотод амьдрахыг илүүд үзэх нь буруу биш. Амьдрал, өөрөөр хэлбэл зах зээл хаана байна, тэр газрыг л бараадах нь зүй тогтол, хууль билээ. Өмнө нь 2017 онд орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 1 хүртэл буюу гурван жилийн хугацаагаар зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ингэхдээ Улаанбаатарт орон сууц худалдан авсан тохиолдолд шилжиж ирэх боломж олгож байсан. Хэдийгээр Засгийн газраас ийнхүү шийдсэн ч мөн л хэрэгжээгүй. Аймгуудаас айлууд нүүж ирсээр, зөвшөөрөлтэй, үгүй, энд тэнд гэр барин суурьшсаар байв. Эндээс харахад иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах журам шинээр гаргасан ч дагаж мөрдөх нь ховор байх төлөвтэй.
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ч, үгүй ч айлууд амьдралаа бодоод, яргуй хөөх ямаа мэт зах зээл бараадан нүүдэллэсээр байх ажгуу. Цөөн жишээ дурдъя. Хамаатны хүү өнгөрсөн жил Улаанбаатарын харьяат байхаа больж, Төв аймаг руу шилжсэн юм. Нэг талаар аав, ээжийнхээ малыг хариулалцаж, жилийн дөрвөн улиралд хөдөө байдаг түүнд хотод хоргодох шалтгаан байсангүй. Мөн банкнаас зээл авах боломж нь орон нутагт оршин сууж, малчны зээлд хамрагдах байсан тул шуурхайлан явсан. Орон нутагт дунд сургууль төгссөн эмэгтэй БНСУ-д дээд сургууль төгсөөд, тэндээ ажиллаж байгаад эх орондоо ирсэн бөгөөд удалгүй хөдөө гэртээ очиж төвхнөсөн нь алсын зорилготой байж. Тэрбээр гадаадад амьдарч байхдаа “Монголд санаснаа гүйцээж амьдрах ямар боломж байна вэ” гэж байнга бодож байсан юм билээ. Ялангуяа малын ашиг шимийг хэрхэн мөнгө, улмаар баялаг болгох талаар санааширсаар байгаад найзуудтайгаа хамтарч хоршоо байгуулжээ. Эдүгээ ааруулыг яаж орчин үеийн хүмүүс, улмаар гадаадынхан сонирхож дурлатал хийж болохыг судалж, туршилтууд хийж буй гэсэн. Магадгүй тэрбээр мөдхөн хоршооныхоо бүтээгдэхүүнийг БНСУ-д ч юм уу, гадаадын аль нэг улс руу гаргаж ч мэднэ. Үүгээр хэлэх гэсэн гол санаа нь иргэдэд ажиллаж, амьдрах нөхцөл боломж хаана бүрдэнэ, тэнд амьдрахад бүгд бэлэн мэт. Төр, засгийн хөгжлийн бодлого гэж том ярьж, тодоор бичих нэг хэрэг. Хөгжлийн баримт бичгүүдийг цэвэрхэн хавтаслаж, үдээд хадгалах бас өөр. Харин амьдрал хэмээх хөрсөнд соёолдог хөгжил гээч ургамлыг хэрхэн арчилж тордож ургуулах бодлогыг зөв боловсруулж, чиглүүлэх аваас болохгүй, бүтэхгүй зүйл нэгээхэн үгүй мэт санагдана.
Ядаж л улс даяараа ганцхан хоттой байдаг өрөвдмөөр, туйлын ядмаг байдлаа үтэр түргэн өөрчлөхөөс алдаа, завхралыг засаж эхлэх буй за. Улаанбаатар л хот. Бусад нь буюу өмнө нь хот байсан өдгөө аймгийн төвүүд бүгд сум гэсэн статустай хэвээр байгаа. Алсад зорьдог, зовхи нь өөдөө залуус насаараа нэгэн сумын төвийн оршин суугч байхыг хүсэх үү. Үгүй шүү дээ. Арвайхээр, Алтанбулаг, Тосонцэнгэл зэрэг хотын оршин суугчид гэвэл яаж байна. Хотын иргэд, оршин суугчийн сэтгэл, сэтгэлгээгээр амьдралдаа хандана даа. Энэ мэтчилэн эрх зүйн хүрээнд засаж, сайжруулахаа шалавлахаас шинэчлэлийг эхлүүлнэ үү гэхээс биш, “Орон нутгийнхан 2027 он хүртэл наанаа байна шүү. Хот руу ирж болохгүй” гэх нь биелэх ямар ч боломжгүй бөгөөд гэнэн, харалган бодлого, үйлдэл гэлтэй.
Бэлтгэсэн Р.Оюунжаргал