Түүхийн ухааны доктор Д.Болдхуяг болон бусад зохиогчийн хамт бүтээсэн “Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” каталогоо өчигдөр нээлээ. Үүнд Канад улсын иргэн, Өвөрмонгол судлаач, Боржигон овогт Хөхбуяны амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан эртний эдлэлийн хувийн цуглуулгаас нь дээжлэн багтаасан аж. Бүтээлийн нээлтийн үеэр доктор Д.Болдхуяг “Энд үзүүлж буй шаазан эдлэлүүдийн ХХ зуунд оноосон хятад нэрээс татгалзаж, ялангуяа Их Юань улсын үед бүтээсэн шаазанд монгол нэр өгөх учиртай гэсэн Хөхбуяны саналыг дэмжиж, шинээр тэнгэрийн хөх, гал улаан, сүүн цагаан, хасын цагаан, хашийн ногоон гэх мэт монгол нэршил оноосон” гэлээ. Монгол Улсад археологийн судалгаа хийж эхлээд 150 орчим жил болж байгаа ч тэнгэрийн хөх болон бусад гангар шаазан бүтнээрээ олдсон тохиолдол цөөн аж. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд хэдэн зуун шаазан эдлэл бий ч бүгд хагархай, хэлтэрхий гэнэ. Тэгвэл тус каталогт харуулж буй шаазангууд бүтэн бөгөөд сонирхолтой нь манай улсад одоо ч хадгалагдаж байгаа аж.
Бэлтгэсэн М.Мөнхжаргал