Зураач О.Хүдэрчулуун уран бүтээлийн “Илч гэрэл” үзэсгэлэнгээ “Norphei art” галерейд нээлээ. Түүнтэй үзэсгэлэнгээ дэглэж эхэлж байхад нь уулзсан юм. Зургуудыг харахад гэгээн, зөөлөн, дулаан мэдрэмж төрөөд байсан тул гэр бүлтэй, эсэхийг нь асуумаар санагдав. Тэрбээр гурван охинтой гэнэ. Үндсэндээ дөрвөн бүсгүйн “асуудлыг эрхлэгч” ажгуу. Төрөл бүрийн цэцэгс, мод, ойн чөлөө, хөдөөгийн айл, гэрийн хаалгаар тэртээд татсан солонго ч харагдана. Нүдээрээ инээдэг, хүдэр бор залуу “Намайг реалист чиглэлийн арга барилтай гэдэг. Италийн Флоренц дахь Уран зургийн академид суралцах боломж нээгдсэн болохоор сургалтын төлбөрөө бүрдүүлэх үүднээс бүтээлийн үзэсгэлэн гаргаж, уран зураг сонирхогчдод санал болгохоор шийдлээ. Тэр сургуульд одоо багаасаа үерхсэн найз Ө.Эрдэнэбулган минь суралцаж байгаа. Бид тэнд сурна гэж ярьдаг, мөрөөддөг байлаа. Найз минь хүслийнхээ үзүүрээс атгасан. Одоо би явах бэлтгэлээ хангаж эхэллээ. Академийн зүгээс “Сурах боломжтой юм байна. Ирээд элс” гэж байхад би хичээх ёстой гэж бодсон” хэмээн үзэсгэлэн яагаад гаргах болсон тухайгаа ярьсан юм.
Зураачтай хэсэг ярилцахад зорилго нь илүү тодров. Флоренцийн академид уран зураг бүтээх шалгарсан арга барилд суралцаад, дорнын өнгө аясаар бүтээдэг туурвигч болох гэнэ. Чухамдаа тэр нь монгол ахуй, амьдрал, үндэсний онцлогоо дэлхийд таниулахын нэр. “Би уг нь хотод төрсөн. Гэтэл яагаад ч юм бэ монгол язгуур ахуй, малчдын амьдрал, замнал сонирхол татаад байдаг. Сэтгэлд байгаа дуудлагыг бүтээл болгох хүсэлтэй” гэж байлаа. Алсыг зорьж буй залуу үзэсгэлэнгээ энэ сарын 18 хүртэл байлгах төлөвлөгөөтэй аж.
Бэлтгэсэн Р.Оюунжаргал