Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн авто замын ажлын явцтай өчигдөр газар дээр нь танилцлаа. Зам, тээврийн хөгжлийн сайд энэ үеэр “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй I хэсгийн ажлын 96.2, II хэсгийнх нь 41 хувийг гүйцэтгээд байна. Цаг агаарын саатал гарахгүй, цемент болон бусад түүхий эд, материал тасалдахгүй бол II багцын замыг есдүгээр сар гэхэд бүрэн хучна. III, V хэсгийн гүйцэтгэл хамгийн өндөр буюу 98-99 хувьтай, одоо зөвхөн чимхлүүр ажлууд нь үлдсэн. Харин 27 хувьтай байгаа IV хэсгийн ажлыг ирэх аравдугаар сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж буй дөрвөн урсгал бүхий 37.7 км замыг хамарсан I хэсгийг ирэх наймдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгана. Ингэснээр Улаанбаатараас гарсан тээврийн хэрэгсэл эхний 38 орчим км-ээр саадгүй зорчих боломж бүрдэх нь. II, III, IV, V хэсэг нь 39-58 хувьтай байгаа. Ойрын өдрүүдэд бороо их орсноос гүүр барих ажил саатсан. Үндсэндээ Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд барьж байгаа бүх багц буюу 204 км замыг ирэх аравдугаар сарын 30 гэхэд бүрэн хучна. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэх I, IV, V багцыг энэ онд багтаан, үлдсэнийг нь ирэх жил дуусгах төлөвлөгөөтэй” гэж танилцуулав. Мөн замын ажлыг эхлүүлэх үед тендерийн маргаан, санхүүжилтээс үүдэлтэй хүндрэлүүд тохиолдож байсан бол өдгөө хил, гаалийн үйл ажиллагаанаас шалтгаалсан түүхий эд, материалын хомсдол, цаг агаарын нөхцөл байдал гол бэрхшээл болж буйг тэрбээр дурдав.
Харин Ерөнхий сайд эхнээсээ хариуцлагагүй гүйцэтгэгч шалгаруулж, тендер будилаантуулсан албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулна, ажлын гүйцэтгэлд аудит оруулах саналыг Азийн хөгжлийн банканд тавина гэв. Санхүүжилтээ авсан хэрнээ ажлаа цаг тухайд нь хийдэггүй компаниудын оронд өөр аж ахуйн нэгж сонгох боломжтойг онцлоод, Дархан-Уулын замын ажлыг ирэх намар гэхэд дуусгах үүрэг чиглэл өглөө.
Бэлтгэсэн Ж.Сувдмаа