УИХ-ын чуулганы уржигдрын нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа. Харин үүнтэй хамт өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх нь дэмжээгүй тул Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, дахин боловсруулах чиглэл өгөв.
Дээрх хуулийн төслийг баталснаар үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон наадмаа зөрчилгүй зохион байгуулах боломж бүрдэж буйг УИХ-ын дарга онцлоод, холбогдох яам, ажлын хэсгийнхнийг үүний хэрэгжилтэд онцгой анхаарахыг санууллаа. Мөн тус өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг баталсан байна.
Бэлтгэсэн Ж.Мишээл