УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Д.Кёкүшюзанбатбаяр, гэргий, Гавьяат жүжигчин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард таван өдрийн турш хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн НПГ-т буцаасан. Буцаах болсон үндэслэл нь бодит хохирлыг нарийвчлан тогтоох ёстой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн юм. Шүүхээс хэргийг НПГ-т буцаахдаа шүүгдэгч нарт урьд авсан, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд НПГ-ын хяналтын прокуроруудын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцлээ. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон байна. НПГ-аас дээрх дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдыг залилан мэхэлсэн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ. Тодруулбал, Д.Кёкүшюзанбатбаяр гэргийнхээ хамтаар Богд хан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай хэд хэдэн бүсэд газар авч, түүнийгээ зориулалт бусаар ашиглаж төрийн яамныхныг мэхэлсэн, “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн нь гэх зэрэг хүнд тухайн газраасаа өгч, оронд автомашинууд авч мөнгө угаасан хэрэгт холбогдсон. Бас Б.Цэрэндоржтой хамтран “Гашуунсухайтаас БНХАУ-ын Ганцмод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуурга байгуулах ажилд хамтарна, хөрөнгө оруулалт хийнэ” гэж өмнөд хөршийн иргэнээс 14 тэрбум шахам төгрөг залилсан, Монгол Улсын Засгийн газар, УИХ, Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон яамдын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн захирал Вү Сэнчианг гэх хүнд итгэл төрүүлэн 16 тэрбум шахам төгрөгтэй тэнцэх валютыг Н.Болормаатай хамтран мэхэлсэн хэмээн буруутгаад буй билээ.
Бэлтгэсэн Г.Цолмон