Чингэлтэй дүүрэг дэх Ататуркийн нэрэмжит ерөнхий боловсролын V сургуулийн 8б ангийн сурагч З.Номундарь нисэх загварын спортод хөл тавьж, үеийнхнээсээ богино хугацаанд амжилт гаргаж байгаа. Түүний идэвх, зүтгэлээр сургуулийнх нь сурагчид, ангийн нөхөд нь бахархаж, хичээллэх сонирхолтой болжээ.Тэрбээр өнгөрсөн хавар ДАШТ-ий жолоодлогот уран нислэгийн F2B ангилалд эх орноо төлөөлж оролцох эмэгтэй тамирчныг шалгаруулах сорил тэмцээнд амжилттай өрсөлдөж, удаах байрт шалгарснаар Польшийн Варшав хотыг зорих эрх өвөртөлсөн юм.Түүнтэй ярилцлаа.
-Агаарын спортын төрлүүд үзэгчдийн сонирхлыг их татдаг. Сэтгэл татагдаж, хичээллэх болсон тухайгаа сонирхуулаач.
-Миний ахыг З.Чингис гэдэг. Дэлхийн цом, олон улс, УАШТ-д цөөнгүй түрүүлж, амжилт гаргасан. Ахыгаа дэмжиж үзсээр байгаад хичээллэх сонирхолтой болсон юм. Би энэ жилээс тэмцээнд оролцож эхэлсэн.Тэмцээний үед ах “Чи онгоцоо жолоодох үедээ салхины зүг, чигийг сайн мэдрэх хэрэгтэй шүү” гэж зөвлөдөг. Би дасгалжуулагч Д.Занабазар агсны нэрэмжит уран нислэгийн F2B ангиллын тэмцээн өнгөрсөн долоо хоногт болоход аваргын төлөө эгч тамирчидтай өрсөлдөж түрүүлсэн. Орон нутгаас Төв, Хэнтий аймгийнхан хүчтэй өрсөлдөгч байлаа.
-Аваргын төлөө өрсөлдөхдөө туршлагатай тамирчдаас сүрдэв үү?
-Тэмцээний өмнө “Юу сурсан, мэдсэнээ одоо л харуулъя” гэж бодож байлаа. Онгоцоо нисгэсний дараа сэтгэл тайвширч, ахынхаа зөвлөснөөр дасгалуудаа цэвэр гүйцэтгэсэн. Нисэх загварын спорт олон төрөлтэй. Төв аймаг дахь “Залуу зохион бүтээгч төв”-ийн дасгалжуулагч Ж.Баярбат багшийн удирдлагад уран жолоодлогот төрлөөр хичээллээд нэг жил болж байна.Тэрбээр ахыг минь амжилтад хүргэсэн багш нь. Манай сургуулийн Ц.Бадамдорж багш нисэх загварын спортын талаар өргөн мэдлэгтэй. Тэрбээр янз бүрийн загвартай онгоц бүтээж, сургуулиасаа шинэ тамирчид төрүүлэхээр зорьдог. Ахыг минь нисэх загварын спортод анх хөтөлсөн болохоор надад “Чи хичээллээч, сонирхолтой шүү дээ” гэж санал тавьсан юм.
-Монголын эмэгтэй тамирчдаас хэнийх нь ур чадвараар бахархдаг вэ?
-Н.Номин эгчийн авьяас, ур чадвараар бахархдаг. Тэрбээр уран жолоодлогын дасгалуудыг маш цэвэр гүйцэтгэдэг юм. Польшийн Варшав хотод наймдугаар сард болох ДАШТ-д бид эх орноо төлөөлж оролцоно. Гэмтэл, бэртэлд бага өртдөг спортын төрөлд нисэх загвар багтдаг тул охид хичээллэхэд тохиромжтой.
-Бие, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж тэмцээн оролцдог бол гэсэн бодол төрлөө.
-Тэмцээний товлосон хугацаа дөхөх тусам сандардаг. Өрсөлдөх тамирчид ур чадвараар хэр байх бол, би онгоцоо жолоодож байхдаа алдаа гаргаад унагаж эвдэх вий дээ гэж сэтгэл зовнино. Ж.Баярбат багшийн бүтээсэн дөрвөн онгоц манайд бий. Надад медаль авчирсан онгоцны далавч гэмтсэн тул Улаанбаатар хотын АШТ-д “Шинэ зуун билэг” сургуулийн Чинзориг багшийн бэлэглэсэн шинэ онгоцоор оролцоно. Намайг ангийн нөхөд минь ойлгож, дэмждэг. Тэд тэмцээнд амжилт гаргахыг минь хараад үүгээр хичээллэх тухай ярилцдаг болсон. Тэмцээнтэй өдөр ”Чи түрүүлж, аварга болоорой. Амжилт хүсье” гэж урам өгдөг юм.
-Нисэх загварын тамирчид тэмцээний үед анхаарлаа бүх зүйлд төвлөрүүлэх ёстой байдаг биз?
-Тийм ээ. Тэмцээний явцад тамирчдын онгоцны дугуй унах, далавч, сэнс нь гэмтэх тохиолдол гардаг. Анхаарлаа төвлөрүүлээгүйгээс болж алдаа гаргавал онгоцоо эвдэх магадлалтай. Тиймээс үүрэг, хариуцлагатай оролцох нь маш чухал. Би нислэгийн талбайд бэлтгэл хийх дуртай. Хүсэл, сонирхолдоо хөтлөгдөж хичээллэсэн болохоор шантардаггүй. Хотод бэлтгэл хийх заримдаа амаргүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд алхдаг хүмүүсийн дуу, чимээнд анхаарал сарнидаг. Төв аймгийг хааяа зорьж, зориулалтын талбайд сургуулилалтаа үргэлжлүүлэх сонирхолтой. Нам гүм орчинд анхаарал сайн төвлөрнө. Би гарынхаа булчинг хөгжүүлэх зорилгоор софт теннисээр хичээллэдэг. Тэмцээнд онгоц жолоодоход гар эцэж, амархан цуцахгүй байвал сайн.
-Эх орныхоо нэрийг гаргасан алдартай тамирчин болохыг мөрөөддөг гэдэгт тань эргэлзэхгүй байна.
-Сонирхдог спортдоо хамгийн шилдэг нь байхыг хүсдэг. Ахыгаа ДАШТ-д оролцохоор шалгарахыг хараад маш их бахархсан. Түүн шиг амжилт гаргах сан гэж мөрөөддөг зорилгоо хэзээ нэгэн цагт биелүүлнэ. Би шагналынхаа салхийг алтан медалиар хагалсан. Тиймээс хойшид ч хүртэнэ гэж бодож байгаа. Гэрийнхэн минь биднийг сайн дэмжиж, байгаа бүхнээрээ тусалдаг. Тэмцээнд амжилттай оролцвол эмээ дуртай зүйлээр минь шагнаж, урамшуулдаг юм.