Kуба улс 60 гаруй жил АНУ-ын хатуу хоригийн нөлөөнд аж төрж ирэв. Тус улсын эсрэг Америкийн тавьсан эдийн засгийн хориг хүн төрөлхтний түүхэнд хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн юм.
1960 оны наймдугаар сын 7-нд Хавана хотын Хувьсгалын талбайд олон мянган хүн цуглав. Тэд чухал мэдэгдэл хийсэн залуу Фидель Алехандро Кастрогийн үгийг сонсохоор иржээ. Куба улсын түүхийг эгнэгт хоёр хуваах баримт бичгээ олны сонорт хүргэхийн өмнө алга таших нүргэлсэн чимээ намдахыг хэсэг хүлээв. Навчинд ороосон тамхинаас аваад зорчигчдыг хөлөг онгоцоор зөөх хүртэлх энэ улсын эдийн засгийн амин чухал салбаруудыг хянаж байсан Америкийн компаниудын хөрөнгийг улсын болгоход эл мэдэгдэл чиглэсэн байлаа. Барагцаалбал үүнээс нэг сарын өмнө Кубад газартай, байшинтай болж чадаагүй байсан америк хүмүүсийн хөрөнгийг улсын болгох шийдвэрт Ф.Кастро гарын үсэг зурсан байв. Энэ шийдвэрээ хожим нь тэрбээр “Хувьсгалын хамгийн чухал үе шат” гэж нэрлэсэн юм. Америк удалгүй хариу барилаа. Кубад эдийн засгийн аливаа дэмжлэг үзүүлэхийг хориглосон өөрчлөлтийг нэг сар хүрэхгүй хугацааны дараа Гадаадын тусламжийн тухай хуульдаа оруулав. Тус улсад хүнсний болон эмнээс бусад бараа нийлүүлэхэд бас хориг тавилаа. Энэ шийдвэрийг мөрдөөгүй улс, компанид АНУ хориг тавина, харилцаагаа тасална хэмээн заналхийлэв. Карибын хямралаас үүдэж ЗХУ цөмийн цэнэгт хошуутай пуужингаа Кубад байрлуулахад тус арал АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бүслэлтэд байсан нь мөргөлдөөн үүсэхийн даваан дээр очлоо. Хоёр жилийн дараа Америкийн улсуудын байгууллага хоригт нэгдсэнээр Куба худалдааны бүх замаас бүрэн таслагдав. Америкийн хийсэн алхам эдийн засгийн амьсгалыг нь боогдуулах ёстой гэж үзсэн ч ЗХУ-тай сайн харилцаатай байсан нь энэ цохилтыг тэсэж гарах боломжийг кубачуудад олгосон байдаг. ЗХУ жил бүр гурван тэрбум орчим ам.долларын тусламж Кубад үзүүлж, архи, элсэн чихэр, тамхийг нь өндөр үнээр худалдан авч, өргөн хэрэглээний бараа нийлүүлдэг байжээ.
Тэгвэл АНУ 1966 онд өөрийн иргэдийг Кубад зорчихыг хориглосон төдийгүй энэ улсын байгууллага, компаниудтай хамтарч ажиллавал хариуцлага хүлээлгэдэг болсон байна. 1980-аад орны эхээр Куба улсыг алан хядах ажиллагааг ивээн тэтгэдэг хэмээн зарлав. Энэ улсын удирдлага дэлхий дахинд социалист хувьсгал хийхээр бэлтгэж, цэргийн мэргэжилтнүүд нь Ангол, Гренадад босогчдыг бэлтгэж, Европын колони байсан орнууд руу зэвсэг, техник илгээж байлаа.
Өөрчлөн байгуулалтын үед оросууд тусална хэмээн Кастро найдаж байв. Харамсалтай нь, дэлхийн социализмын эриний төгсгөл Кубагийн эдийн засагт нөлөөлөхгүй байж чадсангүй. 1989-1993 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн бараг 40 хувиар буурлаа. Аж үйлдвэрийг нь дэмжиж байсан гадаадын мэргэжилтнүүд буцаж эхлэв. ЗХУ задарсны дараа 7000 мэргэжилтэн Кубаас явжээ. Америкийн Конгресс Куба руу мөнгө шилжүүлэхийг хориглов. Энэ нь эх орноосоо гарч явсан куба хүмүүс ах дүүдээ тусалж Куба руу сар бүр олон зуун мянган ам.доллар шилжүүлж, валютын нөөцийг нь сэлбээд байсантай холбоотой байв. Кубатай ажил хэргийн холбоотой хөлөг онгоцуудыг 180 хоног АНУ-ын усан буудал руу орохыг хориглосноор хүнсний бараа, эм хэрэгсэл гаднаас орж ирэх замыг хаачихав. Кубагийн ард түмний түүхийн хүнд үе эхэллээ. Гэтэл удирдагч Кастро нь Америкийн эзэнт гүрнийг ганцаараа сөрөн зогсох боломжгүй гэх илт зүйлийг хүлээн зөвшөөрөхөөс амьсгал хураатлаа татгалзсан юм. Тэрбээр 2016 онд таалал төгссөн. 1990-ээд оны эхээр л Куба улсын эдийн засгийн хямрал амьсгал авах шинжтэй болж эхлэв. Аж ахуйг хөтлөх шинэ арга эрэлхийлж, 1994 оноос эдийн засгийн уналт зогсож, улмаар алгуур сэргэх хандлага бий боллоо. Засгийн газар нь аялал жуулчлалд найдлага тавьж, худалдааг либералчилж, эдийн засгийн чөлөөт бүсүүд нээв. Орчин цагийн зочид буудлуудтай болж, импортын сувгаа өргөжүүлж, гаалийн хяналтаа сулрууллаа. Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, Кубад бизнес эрхлэхийг гадаадын компаниудад зөвшөөрөв. Тэгэхдээ энэ бол социализмаас ухарч байгаа юм биш, тэсэж үлдэхийн тулд авч буй зайлшгүй арга хэмжээ гэж эрх баригчид нь хэлж байлаа. Энэ үед ч Кубад саад болох бололцоотой бүхнийг Америк хийж байв. Америкийн иргэдийг гурван жилд нэгээс илүү удаа Кубад очих, тэнд хоногт 50-иас илүү ам.доллар зарцуулахыг хориглов. Тусгай зөвшөөрөл авч Куба руу зорчино, тогтоосон журмыг зөрчвөл шоронд суулгана.
2000-аад онд илүү эрс өөрчлөлт тохиолоо. Хүнд өвчтэй Фидель Кастро эрх мэдлээ дүү Раульдаа шилжүүлэв. 2008 онд Рауль Кастро Төрийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдож, 2011 онд Коммунист намаа удирдах болов. Ахыгаа бодвол арай аядуу үзэл бодолтой тэрбээр нийгэм, аж ахуйг либералчлах ажлыг эхлүүлж, гар утас, интернэт ашиглах, түрээсээр машин авахыг зөвшөөрч, жижиг, дунд бизнес илээр эрхлүүлж, хүнд суртлын аппаратыг цомхотголоо. Хотын иргэдэд байрыг нь хувьчлав. Энэ бүхний дүнд Америкийн хориг ч алгуур зөөлрөв. 2015 онд Ерөнхийлөгч Барак Обама Кубатай дипломат харилцаагаа сэргээв. Кубад очоод зарцуулах мөнгөнд хязгаар тогтоохоо байж, хүмүүнлэгийн ажил, аялал жуулчлал, санхүүгийн үйл ажиллагаанд учирч байсан саадыг арилгав. Кубад тавьсан хоригоо цуцлахыг Америкт Европын орнууд уриалж, үүнд Орос, Хятад болон олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд ч нэгдэв. Ромын Хамба лам, Оросын шашны тэргүүн ч Кубаг дэмжив. Тэгтэл АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдож, байдал дахин эвгүйцлээ. Өмнөх хүнийхээ бодлогыг алдаа тай гэж үзээд 2017 онд хоригийг үргэлжлүүлэв. Куба руу хөлөг онгоц, нисэх онгоц явахыг хориглов. Америкийн хоригоос Кубад 150 тэрбум ам.долларын хохирол амсжээ.
Мексикийн эрэгт юм уу, Карибын тэнгисийн арлын улсуудын хил дээр кубачуудыг дамын наймаачид хүлээж байх. Тэд нэг хайрцаг навчин тамхийг 200 доллароор авахад бэлэн. Энэ нь албан ёсны экспортын үнээс 1.5 дахин өндөр юм. Тамхийг АНУ-ын хар зах дээр 600 доллароор зарна. Хариуд нь Куба руу зөвхөн доллар биш, ховор бараа авчирна. Обамагийн үед ийм тамхи импортлохыг сэргээсэн ч хэдэн жил болоод дахин хориглов. Куба улсын хувьд гаднаас хэрэгцээт бараагаа авахын тулд валют олох тун ашигтай бизнес байсан ч АНУ-д үүнийг ноцтой гэмт хэрэг гэж үзнэ. 1990-ээд онд хүний цус худалдан жилд 30 сая хүртэл долларыг Куба олдог байв. Тухайн үедээ эдийн засгийн орлогынх нь тавны нэг хувь болж байжээ. 2000-аад оны эхээр арлаас нефт олдлоо. 2020 онд Куба экспортоос 8.8 тэрбум доллар олсон байна. Гэхдээ л хүн амынхаа хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байлаа. Америкийн хориг үйлдвэрлэлийн хөгжлийг нь боомилж, Орос, Хятад, Европын Холбооноос технологи оруулж ирье гэхэд бэл нь хүрэлцэхгүй. Цар тахал хийгээд дэлхий даяар хүнсний барааны үнэ нэмэгдсэнээр сүүлийн хоёр жилд Кубагийн эдийн засгийн байдал дахин хүндэрлээ. Хүнсний барааны хувьд гаднаас үлэмж хамааралтай тул валют хэрэгтэй. Элсэн чихрээр түүнийг олоод байхад төвөгтэй, сүүлийн жилүүдэд ургац муудсаныг хэлэх үү. Тус улс хэмнэлт, цалингийн уламжлалт бус боломж хайж байж эхлэв. 2021 оны наймдугаар сард криптовалютыг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болголоо. Гэхдээ үзэл суртлын үүднээс гүнзгий өөрчлөлт хийхээс татгалздаг нь Кубагийн социализмын олон чөдрийн нэг байлаа. Эдийн засгаа өөд нь татахын тулд ягшмал номлолоо орхих нь сул доройн шинж биш, амин чухал шаардлага болохыг бараг бүх “улаан” орнууд янз бүрийн он жилүүдэд ойлгосон юм.
2019 онд Мигель Диас-Канель улсынхаа Ерөнхийлөгчөөр сонгогдов. Хуучин коммунистууд түүнийг “капитализмын моринд мордуулахдаа” “куба Михаил Горбачев” гэж үзээгүй аж. Энэ улстөрч өнгөц өөрчлөлтийг үргэлжлүүлнэ, гэхдээ хувьсгалын гэрээсийг хэлбэрэлтгүй хадгална гэж амласан. Тэр ондоо шинэ Үндсэн хууль батлав. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаал бий болгож, Төрийн тэргүүний засаглах хугацаанд хязгаар тогтоожээ. Нийгмийн социалист хэв загвар, эдийн засгаа төр нь хянах, нам тэргүүлэх үүрэгтэй байх, коммунист үзэл суртал зэрэг Үндсэн хуулийн зарчмууд өөрчлөгдсөнгүй. Эхлүүлсэн зарим өөрчлөлт нэлээд барааны үнийг хөөрөгдөж, хүн амын бухимдлыг төрүүлснээс 2021 оны долдугаар сарын 11-нд Хавана, Сантьяго, Сан-Антонио-де-лос-Баньос болон бусад хотын иргэд эсэргүүцлээ илэрхийллээ. Дональд Трампын хатуу шийдвэрийг Жо Байден зөөлрүүлнэ гэж Мигель Диас-Канель хүлээж байсан нь талаар болж Куба улсын ард түмэнд туслахаас Цагаан ордны эзэн татгалзав. Оросын профессор Александр Чичин Кубагийн эдийн засгийг дэмжих механизм нь Орос, Хятад Вьетнамтай холбоотой байх явдал гэж үзэж байна. Орос хүнсний бүтээгдэхүүн, эмнэлэг, цар тахалтай тэмцэх нэг бүрийн хамгаалах хэрэгсэл Куба руу байн байн илгээж байна. Хятад ч аж үйлдвэрийнх нь салбарт хөрөнгө оруулж, зарим чухал барааг хямд үнээр өгч буй юм. Цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай өндөр үнэтэй тоног төхөөрөмж Вьетнам 2021 онд өгч, хөдөө аж ахуй, шинжлэх ухааны багтаамж сайтай салбаруудад нь хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа юм. Венесуэлийг ч аварч болно гэж Александр Чичин тэмдэглэсэн байна. Нефтийг нь худалдаж авахад тавьсан хоригоо АНУ цуцалбал Кубагийн эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх боломжтой болох юм. Ямар ч тохиолдолд Кубагийн эрх баригчид эдийн засгийн реформоо үргэлжлүүлэхгүй бол Америкийн дарамт шахалттай хийх тэмцэл нь хязгаарлагдмал байх болно. Вашингтон ч гэсэн эдийн засгийн дарамт нь тусгаар тогтносон улсыг эрх ашгаасаа татгалзахад хүргэдэг шилдэг арга биш гэдгийг ухаарах цаг болсон байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант