Балетын тэргүүн гоцлооч, “Элит” балетын компанийг үүсгэн байгуулагч Ц.Цолмонбуд Монголынхоо балет сонирхогчдод томоохон бэлэг барихаар бэлтгэл ажлаа хангажээ. Тэрбээр энэ сарын 25, 26-нд монгол, солонгос, япон балетчдын бүрэлдэхүүнтэйгээр “Ла ла лэнд” медиа арт, драм хослуулсан балетыг “Корпорэит конвеншн сентр”-т тоглуулах гэж буй юм. Энэ тоглолтоос түүний ойрын 4-5 жилд уг бүтээлээ дэлхийгээр аялан тоглуулах гараа нь эхэлнэ. Балетчин болсных, Монгол, БНСУ, Япон улсад 20 гаруй жил балетын жүжигчнээр ажилласных, энэ урлагийн жаргал хийгээд зовлонг мэдэх учир өөрөө балет дэглэн найруулж, олон жилийн өмнөөс сэтгэлд нь хуралдсан орь хүслээ биелүүлэх гэж зүтгэсэн түүнтэй товч ярилцсан юм.
-Медиа арт, драм хослуулсан балет гэдэг нь энэ төрлийн урлаг дахь шинэ чиглэл, магадгүй урсгал уу?
-Технологийн ололтыг урлагт хэрхэн нэвтрүүлж, илүү үзүүштэй бүтээл туурвиж болохын жишээ юм.
-Ийм балет бүтээх санаа хэрхэн төрөв?
-П.И.Чайковскийн “Щелькунчик” балетыг холиграм, медиа арт технологи хослуулсан байдлаар бүтээж БНСУ-д тоглуулсан минь амжилттай болсон. Холиграм гэж татсан тунгалаг тор бөгөөд байхгүй зүйлийг бодитой юм шиг үзүүлэхийг хэлж байгаа юм. Компьютерын боломж, 3D зураглал, проекторын тусгал зэргийг ашиглана гэсэн үг. Компьютерын ажлуудаар үйл явдлуудыг тодотгож, жинхэнэ, тэгсэн мөртлөө ид шидийн юм шиг харуулдгаараа онцлог. “Щелькунчик”-ийн тухайд хэлэх мэдээлэл бий. Энэ балетын хоёрдугаар үзэгдэлд орон, орны бүжиг байдаг шүү дээ. Тэр хэсэгт монгол хургачин охины бүжиг зохиож нэмсэн. Манай улсын Төрийн далбаа бас харагддаг. Тэр төсөл амжилттай болсон болохоор дараагийн ажлаараа “Ла ла лэнд” хэмээх дэлхий даяар алдаршсан бүтээлийн сэдвээр орчин үеийн технологийн балет бүтээхээр зориглосон юм. Монгол үзэгчдэдээ анхлан хүргэх гэж байгаадаа баяртай байна.
-“Ла ла лэнд” бүтээлийг албан ёсны эрхтэйгээр хуулбарласан гэж ойлгох уу?
-Нэр, хөгжмийг нь л авсан. Бусдыг нь шинээр зохиож, дэглэсэн. Гол дүрүүдэд ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч, Гавьяат жүжигчин О.Анужин, тэргүүн гоцлооч Д.Нацагдорж, А.Тэмүүлэн, М.Нандинцэцэг нар болон япон, солонгос балетчид тоглох юм. Мөн дуучин Ука оролцоно. Тэрбээр дуулна, бас бүжиглэнэ. Хөгжмийн найруулагчаар нь хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки ажиллаж байгаа.
-Дуучин Ука балетад тоглож барах болов уу?
-Бэлтгэл их сайн хийж байгаа. Санал болгоход дуртай хүлээж авч, ажилдаа орсон.
-Энэ нэлээд нүсэр тоглолт болох бололтой.
-Медиа арт, мюзикл, драм чиглэлийн балетыг томоохон цараагаар тоглуулж буйгаараа онцлог. БНСУ-аас техник хэрэгсэл авчирч байгаа. Техникийн ажилтнууд ч ирнэ. Монголдоо холиграм хөгжүүлж байгаа “Тримон” студийнхэн, Өлзий, Дэлгэр гээд залуус хамтарч ажиллаж байна. ДБЭТ, СУИС, “Корпорэит конвеншн сентр”, Саунд оф Монголиа” компани дэмжиж байна. “Солонго капитал” банк бус санхүүгийн байгууллага ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Тоглолтын нийт зардал 420 сая төгрөг болсон. Монголд ийм олон урлагийн нийлмэл бүтэцтэй балет тавих, балет сонирхогчдод зориулах гэсэн хүслээ биелүүлэхэд минь ийм олон байгууллага, хүмүүс тусалж байгаад баярлаад баршгүй.