ДБЭТ-ын балетын жүжигчин Ө.Мөнхжин ОХУ-ын нийслэл Москвад болсон Балетын олон улсын XIV уралдааны эрэгтэй ганцаарчилсан төрөлд дипломын эзэн боллоо. Өөрөөр хэлбэл, тэрбээр уралдааны дөрөвдүгээр байрт ОХУ-ын Стенюшкин Руслан, Казахстаны Вербовой Богдан нартай мөр зэрэгцэн шалгарав.
Уралдаанд 62 дугаартай өрсөлдсөн манай уран бүтээлч шийдвэрлэх шатанд П.И.Чайковскийн бүтээл “Щелькунчик” балетын хан хүүгийн бүжгийн хэсгээс үзүүлсэн бөгөөд үзэгчид халуунаар алга ташин хүлээж авсан юм.
Ө.Мөнхжин бол 2010 онд Засгийн газраас хойд хөршийн Пермь хотын балетын коллежид сургахаар илгээсэн 12 хүүхдийн нэг бөгөөд найман жил суралцсаны дараа буюу 2018 оноос ДБЭТ-т ажиллаж буй уран бүтээлч.
Сонирхуулахад, тус уралдаан нь олон улсад нэр хүнд, цараа, шагналын сангаар тэргүүлдэг, балетын ертөнцийнхний дунд “олимп” хэмээх албан бус тодотголтой. Дипломын эзэн болсон буюу IV байрт шалгарсан нь л гэхэд 375 мянган рублийн (5000 гаруй доллар) урамшуулалтай.
Ийнхүү Монгол Улс уг уралдаанд гурав дахиа тунаж, шагнал хүртлээ. Өмнө нь мэдээлснээ давтъя. 1981 онд балетчин Ю.Оюун хүрэл, 1993 онд У.Бат-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн.