ОУОХ-ны гишүүн, БНСУ-ын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч, “Афин-2004” олимпын аварга Pю Син Мин Монголын ширээний теннисний холбооны урилгаар манай улсад иржээ. Тэрбээр манай шигшээ багийн эмэгтэйчүүдээс Токиогийн олимпод оролцсон Б.Болор-Эрдэнэ, мөн ОУХМ Б.Должинзуу, эрэгтэйчүүдээс М.Тэмүүлэнтэй нөхөрсөг тоглолт өрнүүлж, санал бодлоо хуваалцлаа. Олимпын аварга уулзалтынхаа үеэр хоёр холбооны хамтын ажиллагааг цаашид сайжруулан Монголын тамирчдыг БНСУ-д хамтарсан бэлтгэл хийлгэж, дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүргэх зорилготой байгаагаа онцолсон юм. Тэрбээр “Би Монголд анх удаа ирж байна. Залуу тамирчидтай харилцан тоглоход амжилт гаргах ирээдүй харагдлаа. Тэдний бөмбөгний эргүүлэг хүчтэй, тоглох арга барил, техник нь сайжирчээ гэсэн бодол төрлөө. Хоёр орны теннисчид хамтарсан бэлтгэл хийж, ур чадвараа хойшид ахиулбал дэлхийн түвшинд хүрэхээр санагдсан. Би өмнөд хөршийн тамирчидтай тэмцээнд цөөнгүй таарсан болохоор техникийг нь мэднэ.
Б.Должинзуутай тоглохдоо тэдний техниктэй адил байсныг мэдэрсэн. Би найман наснаасаа ширээний теннисээр хичээллэж 33 насандаа (2014 онд) зодог тайлсан. Солонгосын тамирчид өдөрт 6-8 цаг бэлтгэл хийдэг. Надад амжилтад хүрсэн нууц гэж байхгүй. Өөртөө итгэлтэй, тууштай байдал минь их нөлөөлсөн. Миний хувьд бэлтгэлийнхээ хугацааг үр дүнтэй өнгөрүүлдэг байлаа. “Афин-2004” олимпын наадмын тэмцээний финалд үлдсэндээ өөртөө итгээгүй. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч БНХАУ-ын тамирчин Ван Хао байлаа. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж, олимпын аварга болсон тэр мөчийг эргэн дурсах сайхан байна. Монголын теннисчдийн тоглох арга барил миний төсөөлснөөс өөр байлаа. Хойшдоо хоёр орны теннисний спортын хөгжлийг сайжруулахын төлөө ажиллана. Би хүүхдүүдээ ширээний теннис тоглуулдаггүй. Тэдний зорилго өөр. Хөлбөмбөгт дуртай тэднийг ширээний теннис хүчээр тоглуулах хэцүү шүү дээ” хэмээсэн юм.