Эрээн хотод коронавирус халдварын дөрвөн тохиолдол батлагдсан. Уг асуудалтай холбоотойгоор ГХЯ-наас хөл хорио тогтоох, эсэхээр тодруулсан боловч "одоогоор тодорхойгүй байна" гэдэг мэдээллийг өгсөн. Гэвч төд удалгүй "Эрээнд хатуу хөл хорины дэглэм тогтоох шийдвэр гарсан" талаар мэдээллээ.
Тухайлбал, сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн газрын үйл ажиллагаа, авто, төмөр, агаарын замын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, иргэдийг гэрээс гарахгүй, үйлчилгээг хаалганаасаа авах, цар тахлын дэглэмийг нягт баримтлах, шаардлагатай тохиолдолд шуурхай штабаас зөвшөөрөл авч хотоос гарах зэрэг дэглэм баримтлахаар болсон байна.
Мөн тус өдрийн өглөөний 07 цагаас эхлэн хотын нийт иргэдээс ПСР шинжилгээ авч эхэлсэн бөгөөд орон сууцны хорооллуудад пост гаргаж, хяналт тавих, бүртгэл хийх ажил явагдаж байна. Зарим иргэд хүнсээ бэлдэж эхэлсэн байдалтай байна. Одоогоор Эрээн- Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж ГХЯ-аас мэдээллээ.