Оросын Рязань мужийн шүүх Елатьма гэдэг сууринд олон хүний амь хөнөөсөн хэрэгтэнд ял оноов. 2020 оны хавар 31 настай Антон Франчиков такси хүлээж байсан залуус руу “Вепрь” карабин буугаар гал нээжээ. Таван хүнийг буудан хороох ямар ч бодитой шалтгаан байгаагүйг мөрдөн байцаагчид нотолж чадсан байна. Шүүх Франчиковыг бүх насаар нь хорих ял өгсөн аж.
2020 оны гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр цар тахлаас үүдэж хорио цээрийн дэглэм тогтоож эхлээд, гуравдугаар сарын 30-нд нэг долоо хоног ажлын бус байхаар зарласнаа энэ хязгаарлалтаа дөрөвдүгээр сарын 2-нд нэг сараар сунгав. Ийнхүү оросууд гэнэт урьдчилан төлөвлөөгүй амралттай болжээ. Цар тахлын аюулыг хэт дэвэргэлээ гэж ялангуяа залуучууд үзэж, эрүүл ахуйн хязгаарлалтыг ээлжийн амралт мэт хандав. Рязань мужийн хэсэг найз залуус энэ завшааныг ашиглан Елатьма сууринд цуглахаар шийджээ. Өмнө нь ийн уулзахад ажил төрөл, ахуй амьдрал гээд саад болох юм зөндөө байж. Уулзалтаа дөрөвдүгээр сарын 4-ний бямба гарагт нэг найз Максим Уховынхоо гэрт хийхээр товлов. Ингээд 30 настай менежер ажилтай Максим Ухов, 26 настай Илья Кондраков, 24 настай Виктор Капитанов нараас гадна цагдаагийн газар ажиллаж байгаад нэгэн банкны ажилтан болсон, 24 настай Евгений Табунов, 22 настай гэргий Кристинатайгаа иржээ.
Гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл найз нар бямба гарагийн тэр үдэш мах шарж идээд, шар айраг ч ууж, 21.30 цагийн үед тарахаар шийдэж Табуновийн гэр бүл Рязань явах хэрэгтэй байв. Илья, Виктор хоёр төрөлх Пустынь гацаа руугаа явахаар такси дуудлаа.
Амиа алдсан хүмүүс бүгд бага зэрэг халамцуу байсныг шинжээчид тогтоосон байна. Эмч нарын бодлоор бол тэд бусдын тусламжгүйгээр гуйвалгүй явж, үг хэл, үйл хөдлөлөө хянах бүрэн чадвартай байжээ.
57 дугаар байшин дөрвөн давхар, түүний хоёрдугаар давхрын хоёр өрөө сууцад Антон Франчиковынх амьдарна. 1988 онд төрсөн Франчиков дунд сургууль төгсөөд 2006 онд Рязанийн цахилгааны коллежид орж, нийтийн байранд сууж байв. Ийн сурч байхдаа эндхийн анагаахын их сургуулийн оюутан охин Светланатай танилцаж, 2013 онд тэд гэрлэж Елатьмад амьдрах болов. 2014 онд энэ айл хүүтэй, 2017 онд охинтой болжээ. 2018 онд Антон бүх шалгалтыг нь өгч анчны үнэмлэхтэй, хагас автомат “Вепрь 205-00” гэдэг карабин буутай болсон байна. Гэхдээ тэрбээр ан авд ер явдаггүй, буугаа бэлтгэл дасгал хийхэд л ашигладаг байлаа. Буудах бэлтгэлээ долоо хоногт 1-2 удаа тогтмол хүн, амьтангүй газар хийнэ.
Буудаж олон хүний аминд хүрсэн тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад 21.57 цагт иржээ. Франчиковын байрны нэгдүгээр давхарт суудаг Сергей утасдсан аж. Энэ хүн 2016 онд Донецкоос Рязаньд шилжиж ирсэн, дайн үзсэн нэгэн байсан болохоор буу дуугарахыг анддаггүй байж. Франчиковыг Сергей л олж харжээ. Бусад хүн гэртээ тухалж байснаа янз бүрийн дуу чимээ гарсан тул гадагш гарахаар хувцаслаж эхэллээ. Энэ зуур Франчиков сэмээрхэн дээш өгсөн гэртээ орж амжсан байна. Хэдэн мөчийн дараа нэг эмэгтэй сахилгагүйтээд байгаа хүүхдүүдийг загнахаар шатан дээр гарч ирээд гурван хүн үхсэн янзтай хэвтэж байхыг олж хараад түргэн тусламж дуудав. Ирсэн бага эмч тэдгээр гурван хүн амьсгал хураасныг нотлов. Энэ үед хэсгийн цагдаа ирлээ. Тэр замдаа бас хоёр цогцостой тааралджээ. Тухайн цагдаа гар утсаараа Светлана Франчиковатай ярьж шархадсан хүмүүсийг үзүүлэх нэрээр түүнийг дууджээ. Хүүхнийг гарч ирмэгц тэрбээр “Антон хаана байна” гэхэд “Цайгаа ууж байна” гэв. “Түүнийг дууд” гэлээ. Франчиковыг гарч ирэхэд нь даруй баривчиллаа. Шинжилгээ хийгээд түүнийг архи уугаагүй байсан гэж үзэв.
Анхны байцаалтаар л Франчиков өөрийгөө хамгаалах зайлшгүй шаардлагын улмаас галт зэвсэг хэрэглэснээ хүлээсэн байна. Түүний үгээр бол гэргий нь угаалгын өрөөндөө, өөрийг нь хүүхдүүдээ унтуулах гэж байх үед гудамжнаас хүмүүсийн чанга дуу сонсогдож, ихэд согтсон залуус яваа нь илт. Үүнээс болж бага охин нь сэрж уйлав. Антон тагтан дээр гарч хүмүүсийн ая тухыг алдагдуулахгүй байхыг шаардсанд согтуу залуус хариуд нь одоохон гэрт чинь орж чиний учрыг олно гэх аятай юм хэлэв. Франчиков түүнийг төдийлөн тоолгүй галын өрөөндөө орж охиндоо ус өгч тайтгаруулав. Чухам энэ агшинд хаалга нь онгорхой байснаас танихгүй эрэгтэй хүн ороод ирсэн байна. Тэрбээр үүдэнд зогсоод байсангүй, дотогш хэд алхсан аж. Энэ нь хууль, эрх зүйн үүднээс чухал ач холбогдолтой зүйл юм. Тэр эр энэ үеэрээ гэрт хараахан орж ирээгүй байсан эрчүүдтэй чанга гэгч үг сольж байжээ. Орж ирсэн хүн хөл дээрээ арай ядан тогтож, архи их ханхалж байсан гэж Антон мэдүүлэг өгөхдөө хэд хэдэн удаа давтан хэлжээ.
Франчиков гэртээ орж ирсэн согтуу эрийг түлхээд гаргачихаж чадсан ч хаалга нь түгжигдэхгүй, түлхүүр нь ойр хавьд байсангүй. Тиймээс буугаа аваад үүдэндээ хүрч ирэхэд нөгөө эр буцаад ороод ирчихсэн, ааш авир нь догшин, ширүүн байлаа. Гэрийн эзэн буу барьчихсан байгааг хармагцаа ухасхийн буунаас нь барьж аваад өөр лүүгээ татаж эхлэв. Ингээд хоёул буунаас зууралдсаар шатны тавцан дээр гараад иртэл согтуу хоёр нөхөр зогсож байлаа. Франчиков сая нэг юм буугаа салгаж аваад замгийг нь татан “Буудлаа шүү, холд” гэхэд тэд дуулгавартай хандаагүй тул Франчиков гал нээж орхив. “Үүнээс цааш би санахгүй байна. Магадгүй би гадагшаа гарч буудсан ч байж магадгүй, яг таг хэлж чадахгүй”.
Мөрдөн байцаагч Александр Даниловын тайлбарласнаар Франчиков дараа дараачийн байцаалт дээр өөрийн таамгийг үргэлжлүүлсээр байсан ч нарийн ширийн юм өөрчлөгдөөд байлаа. Өөр лүү нь довтолсон хүмүүс их ойрхон байсан болохоор тэднийг сайн харсан гэсэн хэрнээ хутгаар зэвсэглэсэн тэд өөрийг нь алах зорилготой байсан учраас бараа дүрсээр нь баримжаалж буудсан гээд байв. Дараа нь гудамжинд ямар нөхцөлд буудсанаа сэргээн саналаа гэж хэлэхдээ мөн л тэр согтуу залуус өөр лүү нь дайрсан гэв. Гэтэл цогцоснуудын байдал түүний мэдүүлэгтэй тохирохгүй, гурав нь нэгдүгээр давхарт, хоёр нь гадаа гудамжинд байсан аж.
Гэмт хэрэгтний үг бүрийг нягтлан шалгахаас өөр аргагүй байлаа. Шинжээчид түүний мэдүүлгийг эрс няцаана. Франчиковын гэрийн хаалга, бууны гол төмөр дээр алагдсан хүмүүсийн алиных нь ч хурууны хээ болон өөр ямар нэг ул мөр огт байсангүй. Орцонд хүмүүсийг хоёр орчим метрийн зайнаас буудсан байна гэж шинжээчид үзэв. Түүнээс гадна орцонд чанга дуу чимээ гарахыг л сонссон гэж Светлана Франчикова мэдүүлсэн байна. Аюулгүй байдалдаа Антон маш сэрэмжтэй ханддаг, хаалга түгжихгүй орхидоггүй, өдөрт хэд хэдэн удаа шалгадаг. Нэг түлхүүр хаалганд байнга байхаас гадна хүн бүрт түлхүүр бас байдаг гэж эзэгтэй тодруулсан байна.
Дэд хурандаа Александр Даниловын ярьснаар бол хэдэн залуу орц руу нь ирж явахыг Франчиков харчихаад аюул занал ирж байна гэж бодон түргэн хувцаслаж, буугаа цэнэглээд гэрээсээ гарч тэднийг орцонд байхад нь гал нээжээ. Буу дуугармагц Табунов гэргийтэйгээ зугттал Франчиков араас нь хөөж Табуновыг буудтал Кристина туслахаар гүйж ирэхэд нь бас буудаж орхиж. Сүүлчийн ганц сумаараа Табуновыг хөнөөчихөөд гэртээ орсон байна. Хэн ч өөрийг нь хараагүй гэдэгт тэр итгэлтэй байв. Бууны хүхээгт долоон сум байсан, хэргийн газраас мөрдөгчид долоон хонгио олжээ. Үхэгсдийн биед долоон сумны мөр байж.
Елатьма сууринд амьдардаг 3000 орчим хүн биенээ бараг бүгд танина. Тиймээс 2013 онд нүүж ирсэн Франчиковынхан тэр дороо хүмүүсийн нүдэнд өртөлгүй яах вэ. Энэ гэрийн эзэн тамхи, архи хэрэглэхгүй, бас хүмүүстэй дотносдоггүй хүн байлаа. Түүнээс гадна аюултай алхам хийх дуртай, өөдөөс нь ирж яваа машин холын гэрлээрээ нүдийг нь гялбуулбал тэр жолоочид “сургамж өгөх”-ийн тулд халз өмнөөс нь явахаас буцахгүй. Бусдын амьдралд саад болдог хүмүүс энд амьдардаг учраас Елатьма сууринг ердөө шатааж орхих хэрэгтэй гэж үглэнэ.
Антон санаандаа төсөөлсөн өөрийн гэсэн орчинд амьдардаг, өнөө цагийн нийгэмд огт нийцэхгүй дэг журам тэнд үйлчилнэ. Түүний хажууд байхад нэг л бүгчим, би түүнтэй мэндлэхээс хэтэрдэггүй гэж нэгэн гэрч ярьсан байдаг. Сэтгэл заслын эмч нар ч яг энэ гэрчийн хэлсэн шиг дүгнэлт хийжээ. 2019 онд олныг хамарсан нэгэн арга хэмжээний үеэр Франчиков фашист Германы цагдаагийн таних тэмдгийг дууриалган хийж авчирснаар хууль сахиулах байгууллагын анхааралд анх удаа өртөж байжээ. Хүмүүс ч үүнд ихэд дургүйцсэн нь мэдээж.
Антон Франчиков өөрийн бурууг хүлээхгүй, сүүлдээ мэдүүлэг өгөхөөс татгалздаг байснаа 2020 оны эцсээр гэмээ хүлээж, алагдсан хүмүүсийн төрөл садангаас уучлал хүссэн байна. Онцгой дэглэмтэй засан хүмүүжүүлэх колонид насаар нь хорих ял түүнд өгчээ. Огт танихгүй залуусыг яагаад буудсанаа тэрбээр учрыг нь гаргаж ярихгүй байсаар шоронд орсон байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант