Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Хөгжлийн банкны чанаргүй зээл болон бондын эргэн төлөлтийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгчээ. Улмаар “Самурай” бондыг урьдчилан, хэсэгчлэн төлөх чиглэлийг хариуцсан сайд, дарга нарт нь чиглэл болгосон байна. Манай улсын хувьд 2023 онд “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иений өр хүлээгдэж буй.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 201 тэрбум төгрөгийг төлжээ. “Кью Эс Си” компани өнөө, маргаашгүй 60 тэрбум төгрөгийн зээлийг нэмж төлөх мэдээлэл байна. “Самурай” бонд Засгийн газрын баталгаатай учраас онцгой анхаарах ёстой. Хөгжлийн банк үүнийг төлж чадахгүй бол энэ ачаалал төсөв, татвар төлөгчдийн нуруун дээр ирнэ гэсэн үг. Тиймээс Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг яаралтай төлүүлэх шаардлагатай байгаа юм. Хөгжлийн банк энэ оны эцсийн аудитаар тайлан, үзүүлэлтээ сайн гаргахгүй бол байдал хэцүүднэ. Энэ нь зөвхөн Хөгжлийн банкаар тогтохгүй олон улсын зах зээлд манай Засгийн газартай холбоотой асуудал үүсгэнэ. Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 260 орчим тэрбум төгрөг эргэн төлөгдөж, “Самурай” бондыг урьдчилж төлөх нөхцөл бүрдэж байна. Энэ нь “Самурай” бондын зээлийн 37 орчим хувь гэсэн үг. Тиймээс хэсэгчлэн төлж байхаар шийдвэрлэлээ. Уг бондыг иенээр буцааж төлөх ёстой. Хэд хоногийн өмнөх ханшаар уг бондын төлбөр 750 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн ханшаар 710 тэрбум боллоо. Үүнийг төлснөөр Монгол Улсын Загсийн газар, Хөгжлийн банк санхүүгийн хэр хариуцлагатай ажиллаж байгаагаа харуулна. Мөн бусад бондын өгөөж өсөж, хөрөнгө оруулагчдын итгэл сайжирна. “Самурай” бонд жилийн 1.5 хувийн хүүтэй. Манай бонд цаад талдаа өгөөжтэй байгаа учраас хугацаанд нь төлье гэсэн бидний хүсэлтэд Японы талаас янз бүрийн хариу өгч буй. Бид юутай ч хүсэлтүүдээ сүүлийн өдрүүдэд тасралтгүй тавьж буй. Бондыг эзэмшигч нартай хэлэлцээр эхлүүлсэн гэсэн үг. Ер нь энэ жилийн хувьд Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 800 орчим тэрбумыг төлүүлж чадахгүй бол жилийн эцсийн баланс нь сайжрахгүй. Ойрын хугацаанд төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийн өндөр дүнтэй зээлийн үлдэгдлийг төлүүлэхэд анхаарна. Тэр тусмаа төрд хамаарах аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтөд онцгой анхаарал хандуулна. Засгийн газрын дараагийн хуралдаанд үүнийг онцолж шийдэхээр болсон. Төр ч эрсдэл үүсгэж, өр хуримтлуулсан бол хариуцлага хүлээх ёстой. Цаашид Хөгжлийн банкныхан хууль, дүрмээ баримталж, хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах ёстой. Зөвхөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг л санхүүжүүлнэ. Олон улсын валютын сангийнхан ийм Хөгжлийн банктай байснаас татан буулгасан нь дээр гэсэн агуулгатай зөвлөмж өгсөн. Олон улсын зах зээлд энэ мессеж нь очиж байгаа. Тиймээс бид энэ жил чанаргүй зээлүүдийг төлөвлөсний дагуу эргэн төлүүлж, хэвийн байдалд нь оруулж чадахаа харуулах ёстой. Монголбанкнаас хийсэн шалгалтуудын дүнг тус банкны балансад оруулж, тайланг нь олон нийтэд нээлттэй танилцуулна. Ирэх сард буюу эхний хагас жилээр Хөгжлийн банканд аудитын шалгалт оруулна. Зургадугаар сарын 30 буюу шалгалтын өмнө гэхэд 450 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлж, төвлөрүүлсэн байх үүргийг холбогдох хүмүүст нь өгсөн. Гэхдээ зээлийн төлөлт эрс сайжирч, аж ахуйн нэгжүүд хэлцэл хийхээр идэвх, санаачилга гаргаж байгааг тэмдэглэх нь зүйтэй” хэмээн онцолсон юм.
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БЭЛЭН БОЛЖЭЭ
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хуримтлалын болон хөгжлийн сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Үндэсний баялгийн сангийн төрлийг тогтоож, хөрөнгийн удирдлагыг нь хэрэгжүүлэхэд баримтлах нийтлэг зарчим, тайлагнал, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар уг төсөлд тусгасан байна.
Төсөл нь гурван бүлэг, 10 зүйлээс бүрдэж буй аж. Тус сан нь эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг нь тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар зохицуулжээ.
НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах, хөдөө аж ахуйг дэмжих багц зээлийг шуурхай олгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулжээ. Улсын хэмжээнд гол нэрийн 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийт 204.5 мянган тонн нөөцтэй байгаа аж. Хоногийн хэрэглээгээр тооцвол, гурил, гурилан бүтээгдэхүүний 160, элсэн чихрийн 142, төмсний 88, махны 62, төрөл бүрийн будааны 48, давсны 40, ургамлын тосны 30, хуурай сүүний 22, хүнсний ногооны 16, өндөгний дөрвөн хоногийн нөөцтэй гэсэн үг юм байна. Энэ сарын 5-ны байдлаар нийт нөөцийн махны 17 орчим хувьтай тэнцэх гэнэ.
Иргэд нөөцийн махны чанарт сэтгэл хангалуун, үнэ нь зах зээлийн ханшаас 35 хувиар хямд байгаа ч борлуулалтын түвшин өмнөх оны мөн үеэс 45 хувиар бага байгаа юм байна. Иймд салбарын яамнаас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нягтаршил ихтэй төвлөрсөн худалдааны төв, орон сууцын хороолол, захын дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.