Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэх талаар сүүлийн үед нэлээд ярих болсон. Энэ бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өрх бүр үйлдвэрлэгч болж, хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтойг онцолъё. Өөрийн амьдрал, гадаадын улс орны туршлагыг судалсны үндсэн дээр хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд өрх бүр хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой талаар дараах хоёр төрлийн аж ахуйг онцлон бичлээ.
ОРЛОГО ӨНДӨР БЯСЛАГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ
Монгол Улс одоо хэрэглэхгүй байгаа нөөцөө ашиглан, өрхийн ба сумын түвшинд үйлдвэрлэл явуулбал асар их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орлого, хүнсний хангамжаа нэмэгдүүлэх боломж байна. Тухайлбал, дэлхийн стандартаар бэлчээрийн эрүүл, цэвэр, анагаах чадвартай өвсөөр идээшилсэн малын сүүгээрээ олон нэр, төрлийн, ямар ч хольцгүй цэвэр бяслаг үйлдвэрлэж, аймаг, сум, цаашлаад том хотуудыг ханган, улмаар гадаадад экспортлох ч боломж бий.
Бяслаг нь уураг, сүүний тос, кальци, фосфороор баялаг бөгөөд хоол боловсруулах эрхтнийг дэмждэг. Мөн хоол идэх идэвхийг сэргээдэг учраас бяслагийг хүн бүрийн идэх шаардлагатай хоолны жагсаалтад оруулдаг. Тэр дундаа хөдөлгөөний идэвхтэй амьдралтай хүмүүс, хүүхдүүд, ялангуяа өсвөр насныхан, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх болон сүрьеэ, ясны хугаралтай хүмүүст хэрэглэхийг гадаадын улс, орнуудад зөвлөдөг. Ингэхдээ өдөр бүр дунджаар 50-55 грамм бяслаг идэх норм тогтоожээ.
Дэлхийн олон улсад үйлдвэрлэдэг, удаан хугацаанд зөөлнөөрөө хадгалагддаг, өвөрмөц амттай бяслагийн стандарт, жор, аргыг ашиглан Монголд хийхэд ямар ч хүндрэл бэрхшээл үгүй. Тухайлбал, малын сүүнээс эхлээд зөөхий буюу сметан, бяслаг хийдэг. Үүнээс гарсан шар сүүнээс нь Итали улсад рикота гэж нэрлэдэг зөөлөн бяслаг хийх боломжтой. Мөн шар сүүний уурагт хүч тамирын ундаа зэргийг зохих жороор нь хийж, өргөн хэрэглэдэг. Гэтэл манайд хүний биед ихэд ашигтай шар сүүг асгадаг нь хайран. Уг нь энэ нь гадаадын “Кока кола”, “Фанта”-наас дутахгүй сайхан амттай ундаа болдог. Үүнийг хэрхэн хийх, ямар үнээр борлуулдаг талаар товчхон өгүүлье.
Нэг килограмм жинтэй бяслаг хийхэд дунджаар 10 литр сүү зарцуулдаг. Ийм хэмжээний сүүнээс эхлээд 400 гр цөцгийг ялган авч, Улаанбаатарт 4200 төгрөгөөр борлуулж байна. Шар сүүнээс нь рикота гэж нэрлэдэг зөөлөн бяслаг 600-700 граммыг гарган авч, 7400 төгрөгөөр борлуулдаг. Мөн найман литр хүч тамирын уурагт ундааг 16 000 (нэг литр нь 2000) төгрөгөөр борлуулж байна. Бяслагийн тухайд нэг килограмм нь 30 000 төгрөг. Ингээд үзэхээр дээр дурдсан нэмэгдэл бүтээгдэхүүнээс 27 000, үүн дээр бяслагаа нэмэхээр нийт 57 000 төгрөгөөр үнэлэгдэх бүтээгдэхүүн гаргаж авч болох нь.
Бяслаг хийх ажлын байрны хувьд цөөн тооны багаж хэрэгсэл буюу эсгэгч, ээдүүлэгч хэрэгтэй. Үүнээс гадна бяслагийн хэв, шахагч буюу пресс зэргийг өөрсдөө хийх боломжтой. Мөн шаардлагатай сав суулга, шүүр шанага, маарал, дэвсгэр алчуур зэргийг дотоодын зах зээлээс худалдан авах боломж бий шүү дээ.
Үнээ, богийн сүүгээр бяслаг хийх боломжтой. Тэр дундаа манай улсад олон байдаг ямааны сүүгээр хийдэг бяслагийн тухай товч дурдъя. Ямааны сүү нь В12, А аминдэм, кальци, уураг, тослог ихтэй. 100 мл сүүнд 70 ккал агуулагддаг. Түүнчлэн ямааны сүүний аминдэмийн бүрэлдэхүүн нь эхийн сүүнийхтэй ойролцоо байдгаараа онцлогтой юм. Ялангуяа уураг нь эхийн сүүнээс дөрөв дахин их байдаг төдийгүй хүний ходоодонд ороод амархан задардаг бүтэцтэй. Тиймээс ямааны сүүгээр хүүхэд угжих бол усаар 50 хувь шингэлэхийг эрүүл ахуйн байгууллагаас зөвлөдөг билээ.
Ямааны сүүг үнээнийхтэй харьцуулахад ээдэх шинж чанар нь өөр байдаг буюу ээдэм, бяслаг нь зөөлөн болдог. Мөн кальцийн хэмжээ нь үнээний сүүнийхээс их. Харин чихрийн хэмжээ нь бага байдаг. Түүнчлэн ямааны сүү нь хүний эрүүл мэндэд ихээхэн тустай, ач холбогдолтой гэдгээрээ онцлог. Тухайлбал, сүүний зөөлрүүлэх, бүлээцүүлэх шинж чанар нь бронхитийг дарах, цэр ховхрох үйл явцыг идэвхжүүлэх үйлчилгээтэй. Үүнээс гадна нойргүйдэл, толгойн өвдөлт, сэтгэл хямралын үед уухад тайвшруулах ач холбогдолтой юм. Сүүнд агуулагддаг В12 аминдэм нь зүрх, судасны үйл ажиллагааг идэвхжүүлдгээс гадна өндөр настны ой санамж муудах үед, яс болон тулгуур эрхтний өвчин эмгэгтэй хүн хэрэглэхэд тустай. Эх хүн хүүхдээ хөхүүлэхдээ өөрийнхөө бие дэх аминдэм, ашигтай ферментүүдээ хүүхдэдээ өгч байдаг. Тиймээс өөрт нь аминдэм үргэлж дутагдаж байдаг тул ямааны сүү нь эхийн биеийн энергийн балансыг сэргээдэг зэрэг олон талын ашигтай юм. Энэ мэт асар их ач холбогдолтой учир гадаадын улс орнуудад ямааны сүүний бяслагийн ашигтай чанарыг үнэлж, өндөр үнээр борлуулдаг, өргөн хэрэглэдэг.
Монгол Улс 2021 онд 67 сая толгой мал тоолуулжээ. Үүнээс 27.7 сая нь ямаа байх юм. Тэр дундаа саалийн ямааныхаа 50 хувь буюу таван саяыг нь зөвхөн зуны гурван сард саахад хамгийн багадаа 285 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж тооцоолж болохоор байна. Саалийн нэг ямаанаас 200-300 гр ноолуур авч, түүгээрээ 36 000 төгрөгийн орлого олж болно. Харин сүүгээр нь бяслаг хийвэл үүнээс дөрөв дахин их орлого олж болох юм. Жишээ нь, ямааг өдөрт хоёр удаа сааж, 400-500 гр сүү авч болно. Ингээд гурван сарын хугацаанд 45-50 литр сүү сааж, дунджаар таван кг бяслаг хийнэ. Ийнхүү тооцвол бяслагаас 150 000 төгрөг олох боломжтой. Үүн дээр ноолуурын 36 000-ыг нэмэхээр 186 000 төгрөгийг саалийн нэг ямааны ашиг шимээс олох боломжтой гэсэн үг. Төрөл бүрийн бяслаг хийх жор, багаж хэрэгсэл, технологи, ажлын байрны тухай энд бичих боломжгүй. Харин бяслаг сонирхогчдод зориулан миний бичсэн “Миний гэрийн бяслаг” номоос дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэх талаар сүүлийн үед байнга ярих болсон. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өрх бүр дэлхийн стандартад нийцсэн бяслаг хийж, хүнсний хангамжийг нэмэгдүүлэн, орлогоо өсгөх боломж бий. Уг санаачилга нь зуны улиралд ажлын байрыг багахан хөрөнгө оруулалтаар бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой. Тиймээс орон нутгийн удирдлага, засаг захиргаанаас ийм санаачилгуудыг жижиг, дунд үйлдвэрийн төслийн хүрээнд дэмжлэг үзүүлж болохоор байна. Учир нь бяслаг хийх төслүүд нь үр ашгаа богино хугацаанд өгч, авсан зээлээ эргүүлэн төлөх чадвар өндөр. Бүр томоор харвал, эдгээр төсөл нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд малчдын оруулах бодитой, томоохон хувь нэмэр болно.
ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ТАХИАНЫ БИЧИЛ АЖ АХУЙ
Хүнсний бүтээгдэхүүний хангамжийг орон нутагт нэмэгдүүлэх боломжтой нэг ажил бол өрхийн тахианы бичил аж ахуй юм. Энэ бол сум, амралт, сувиллын газар зэрэгт оршин суудаг, хашаатай айл өрх бүр эрхэлж болох аж ахуй. Тахианы бичил аж ахуй нь хөрөнгө оруулалт бага шаарддаг, эргэлтийн хөрөнгө, арчилгаа, маллагаа нь тусгайлан ажиллах хүч шаарддаггүйгээрээ онцлогтой.
Тахианы өндөг нь үндсэн 12 нэр, төрлийн аминдэм агуулдаг. Үүнд А, Д, Е, В1, В2, В3, В4, В9 зэргийг нэрлэж болно. Түүнчлэн фосфор, төмөр, иод, зэс, кобальт, кали, магни, хүхэр, борын хүчил, марганец зэрэг эрдсээр баялаг. Өндөгний шар нь загасны тосны дараа ордог ашигтай уураг агуулдаг ач холбогдолтой.
Гарснаас нь хойш тав хоногийн дотор хүнсэнд хэрэглэж байгаа өндгийг сувиллынх хэмээн тодотгодог. Өндгийг хадгалах явцад хөгширч, чанарын сөрөг өөрчлөлтөд ордог. 15 градусын температурт 25 өдөр хадгалсан өндгийг хүнсэнд хэрэглэх боломжгүй болдог. Олон хоног хадгалсан, мөн буруу хадгалсан өндгийг хүнсэндээ хэрэглэснээр хоолны хордлогод ордог нь үүнтэй шууд холбоотой билээ. Тиймээс гадаадаас өндгийг хэчнээн хоногт авчирч, дэлгүүрийн лангуун дээр хэр удсан зэргийг нь худалдан авагчид гярхай ажиглаж, шалгах хэрэгтэй. Тахианаас өндөгнөөс гадна сангас нь сайн чанарын бордоо болдог. Тиймээс хаялгүйгээр, тарьсан ногоогоо бордож болно. Мөн өндөгний хальсны анагаах чанар ч өндөр. Түүгээр зогсохгүй нядалсан тахианы өд, сөдийг ашиглаж дэр, хөнжил, хувцасны дулаалга ч хийж болдог.
Энэ төрлийн аж ахуй эрхлэхэд анхаарах шаардлагатай нэг чухал зүйл нь сайн өндөглөгч эмэгчин тахиаг сонгох аргыг хэрэглэх юм. Гэр ахуйн нөхцөлд тахианы хоолонд талхны үртэс өгөх боломжтой. Түүнчлэн өндөгний хальс, ясыг дутуу шатаан нунтаглаж, ясны гурил бэлдэж өгөх, элэг, махны хаягдал, чийгийн улаан өт, царцаа, халгайг жижиглэн хэрчин тэжээх боломжтой. Боломжтой бол сард нэг удаа элэг, махан тэжээл өгвөл өндөгний гаралтад сайнаар нөлөөлдөг.
Тахианы дэгдээхэйн бэлгийн хөгжил 150-180 хоногтойдоо гүйцэж, өндөглөж эхэлдэг. Ер нь 10-12 эм тахианд нэг азарган тахиа ногдох нь хамгийн оновчтой харьцаанд тооцогддог юм. Гэдэс, ходоод, хоол боловсруулах эрхтний, нүд, амьсгалын дээд замын өвчин тахианд элбэг тохиолдож болно. Мөн өд идэгчид, хачиг, бясаа зэрэг нь тахиаг тураах, өвчлүүлэх нэг үүсвэр болдгийг анхаарах нь зүйтэй. Өвчлөх гол шалтгаан нь хоол, тэжээлээс ихээхэн шалтгаалдаг. Тиймээс хуучирч муудсан хоол, тэжээл, ус өгөхгүй байх, чанарыг нь байнга шалгах хэрэгтэй.
Үүний зэрэгцээ өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал хийх нь чухал. Ингэхдээ жижиг багаж хэрэгслүүдийг ариутгах уусмалд дүрж, хоолны, усны савуудыг цэвэрлэж угаах ёстой. Байрны хана, шал, адрыг шохойдох юм уу, эсвэл хлорамины уусмалаар шүршиж, хаалга, цонхыг хэдхэн цаг хаагаад, дараа нь агаар сэлгэх хэрэгтэй. Байр болон тахиандаа жилд хоёр удаа иж бүрэн ариутгал хийх хэрэгтэй.
Та өндөглөгч 20 тахиатай байхад зах зээлийн өнөөгийн ханшаар өдөр бүр дунджаар 4000 төгрөгөөр үнэлэгдэх экологийн цэвэр бүтээгдэхүүн болох 10 өндөг авч, хүнсэндээ хэрэглэнэ. Жилд 1.4 сая төгрөгийн өндөг авна. Тахианы сонголт, арчилгаа, хоол тэжээлийг зохицуулах асуудал, байр барих, дэгдээхэй бойжуулах арга зэргийн тухай энд бичих боломжгүй. Тиймээс тахианы бичил аж ахуй сонирхогчдод зориулан миний бичсэн “Тахианы бичил аж ахуй” номоос дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Түүнчлэн тахианы өрхийн бичил аж ахуйг орон нутгийн удирдлага, холбогдох албаныхан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслүүдэд хамруулах нь үр дүнтэйг дурдъя. Эл аж ахуйг эрхэлснээр тухайн өрх гэр бүлийн хэрэгцээгээ хангахаас гадна хөрш айлууд, сум, аймгийнхаа хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд ч хувь нэмрээ оруулах боломжтой.
Зөвлөх инженер И.Норовжав