“Монголын геологи, хайгуул-2022” чуулга уулзалт өчигдөр эхэллээ. 12 дахь удаагаа зохион байгуулж буй уг чуулганаар геологи, хайгуулын салбарт тулгамдаж буй асуудлыг хөндөн, гарц шийдэл эрэлхийлдэг. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон төрийн байгууллагын төлөөлөл оролцохын зэрэгцээ үе үеийн геологич, мэргэжилтнүүд цугладаг, салбарын тэмдэглэлт өдөр ч гэж болно.
Манай улс нийт нутаг дэвсгэрийнхээ 3.9 хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд одоогоор 1600 гаруй аж ахуйн нэгж, ашиглалтын 1745, хайгуулын 891 зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Ийм талбайд олборлолт хийж буй ч 2021 онд улсын төсвийн орлогын 41 орчим хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрдүүлжээ. Энэ ч утгаараа геологи, хайгуулын салбар бол уул уурхай, аж үйлдвэрийн салбарын тулгуур багана болж, геологийн ажлын далайц, үр дүн нь манай эдийн засгийг тэлэх, орлого, ашгийг өсгөх шууд нөхцөл хэмээн ойлгож болох аж. Тиймээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээг нэмэгдүүлж, хайгуул, ашиглалтын чиглэлээр ажиллах аж ахуйн нэгжийн тоог олшруулж, геологийн салбарт хөрөнгө оруулалт татах нь нэн тэргүүний асуудал гэдэгт чуулга уулзалтын оролцогчид санал нэгдэж байлаа.
2016 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 2022 байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 891 болж багасжээ. Үүнтэй холбоотойгоор 2016-2017 онд 4.8 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан бол сүүлийн хоёр жилд буюу 2020-2021 онд хөрөнгө оруулалт огт хийгдээгүйг Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Эрдэс баялгийн салбарын асуудлууд” илтгэлдээ онцоллоо. Тэрбээр “Сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас бүхий л салбарын үйл ажиллагаа доголдсон ч уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөгжлийн хөшүүрэг болсон геологи хайгуулын салбарынхны хувьд илүүтэй хүнд цаг үе байв. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн ч компаниудын үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж буй гол шалтгаан нь орон нутгийнхантай үл ойлголцдог явдал. Тусгай зөвшөөрөл авч, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн, хайгуулын талбайдаа очиход ажил огт хийлгэхгүй байх, бүр хөөж явуулсан тохиолдол гарсан. Үүнийг эхлээд шийдэж байж уул уурхайн салбарын хөгжлийн талаар ярих хэрэгтэй” гэсэн юм. Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ч түүнтэй ижил байр суурь илэрхийлж байлаа. Тодруулбал, сум руу болон хайгуулын ажлын талбай руу нэвтрүүлэхгүй хөөх, кэмп дэх эд хогшлыг нь эвдэн сүйтгэх, бүр геологичийн амь насанд халдсан тохиолдол ч гарчээ. Өөрөөр хэлбэл, хайгуулын салбарт хөрөнгө оруулахаас татгалзах нөхцөл үүсэн, геологичид ажлаа хийхээс халшрах болжээ.
Түүнчлэн салбарын яам, холбогдох байгууллагаас ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл авсаар байтал орон нутгийнхан өөр бичиг баримт нэхэх, хариуцлагын гэрээ байгуулах нэрийдлээр хөрөнгө шаардах зэргээр ил, далд хэлбэрээр дарамтлах, хээл хахуулийн шинжтэй нөхцөл үүссэнийг дурдах хүн цөөнгүй байв. Тиймээс тусгай зөвшөөрөлтэй компаниуд үйл ажиллагаагаа саадгүй явуулах нөхцөл боломж бүрдүүлэн, салбарын яам болон орон нутгийн удирдлага нэг цонхоор харж, аж ахуйн нэгжүүдийг хохироохгүй байхад анхаарах хэрэгтэйг учирлаж байлаа. Хэрэв зөвшөөрөл авч, хөрөнгө заран үйл ажиллагаа явуулж байтал тасалдуулсан, ажиллах боломжийг нь хаасан тохиолдолд нөхөн төлбөр олгодог байх тогтолцоо бүрдүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм. Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газрынхан орон нутгийн иргэд, удирдлага болон хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий компаниудын үл ойлголцлыг арилгах, иргэдэд зөв мэдээлэл хүргэх зорилгоор энэ хавар 21 аймагт сургалт хийн, мэдээлэл түгээж буйгаа дурдлаа. Орон нутгийнхны эсэргүүцлийн улмаас Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй нэг төсөл өдгөө зогссоноос бусдаар ажил хэвийн үргэлжилж буйг Үндэсний геологийн албаны дэд дарга Б.Уянга хэлсэн юм.
Манай улсын хувьд эрчим хүчний хараат байдлыг багасгах, цахилгааны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, ялангуяа эрдэс баялгийн олборлолт эрчимжиж буй өмнийн бүс дэх уурхай, аж ахуйн нэгжүүдийг дотоодод үйлдвэрлэсэн цахилгаанаар хангах зорилготой. Эл зорилгыг хэрэгжүүлэхэд цацраг идэвхт бодис буюу ураны олборлолтыг нэмэгдүүлэн, улмаар атомын цахилгаан станц байгуулбал өгөөжтэй гэдэг. Энэ талаар “Цацраг идэвхт ашигт малтмалын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” илтгэлээрээ Цөмийн энергийн комиссын дарга, доктор Б.Баатарцогт хөндөв. Дэлхий дахинд эрчим хүчний 38.3 хувийг нүүрснээс, 23.1-ийг нь байгалийн хий, 10 орчим хувийг нь цөмийн энергиэс гарган авч байгаа гэнэ. Гэтэл нүүрсний хэрэглээг бууруулах том зорилт хүн төрөлхтний өмнө бий. Уг зорилтыг хэрэгжүүлэх, эрчим хүчний тогтвортой хангамжийг нэмэгдүүлэхэд цөмийн энерги ашиглах нь зайлшгүй чухал болсныг олон улсад хүлээн зөвшөөрч байгаа аж. Өдгөө мэдэгдэж буйгаар дэлхийн ураны нөөцийн 95 хувь нь ердөө 16 улсад ногдож буй. Үүнээс хамгийн их буюу нийт нөөцийн 15 хувь нь Казахстан, найман хувь нь ОХУ-ын нутаг дэвсгэрт байгаа бол Монголд хоёр хувь нь бий хэмээн тооцжээ. Хоёр хувь гэдэг бол чамлахаар дүн биш аж. Бид уран олборлохын зэрэгцээ үйлдвэрлэл хөгжүүлж, цөмийн энергийн салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулах өргөн боломжтойг Б.Баатарцогт онцолсон.
Тэрбээр “Ирэх 20 жилд дэлхий дахинд эрчим хүчний хэрэглээ багадаа 40 хувиар өсөх тооцоо бий. Эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй, тасралтгүй хангамжтай байх нь улс орнуудын эдийн засгийн чадавхыг тодорхойлох чухал үзүүлэлт. Тиймээс бид Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цацрагт идэвхт ашигт малтмал ашиглах төслөөс хүртэх өгөөжөө нэмэгдүүлье. Ийм ашигт малтмалын боловсруулалтын гол бүтээгдэхүүн болох хүхрийн хүчлийг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ хангаж, зардлаа бууруулахад анхаарч ажиллая. Мөн цацрагт идэвхт ашигт малтмалын эрдсийн хуримтлал, хэтийн төлөв бүхий талбайг солбицлоор ялган тодорхойлж, нийтэд мэдээлэн, тусгай зөвшөөрлийн тоог олшруулж, эл ашигт малтмалын хайгуулд хөрөнгө оруулалт татах нь зүйтэй. Уран олборлохыг сонирхон, хөрөнгө оруулах улс олон бий. Гол нь бид хууль, эрх зүйн орчин, ураны олборлолт, экспортод баримтлах бодлогоо тодорхой болгох нь зүйтэй” хэмээн тодотголоо. Манай улс одоогоор 6900 кг ураны шар нунтаг гаргаад байгаа аж. Тэгвэл өнгөрсөн онд олон улсад цөмийн реакторын түлшинд нийт 62 500 тонн уран ашиглсан бол 2030 онд эл хэмжээ 80 000-д хүрэх тооцоо гарчээ.
“Монголын геологи, хайгуул-2022” арга хэмжээ гурван өдөр үргэлжилж, маргааш өндөрлөнө. Энэ хугацаанд Тавантолгойн ордын геологийн судалгааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн төлөвлөгөө, Нарийнсухайтын ордын элсэн чулуулгийн петрографи, геохимийн судалгааны үр дүн зэрэг илтгэл тавин, цөөнгүй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн МУИС, ШУТИС-ийн оюутнууд Геологийн зураглалын ажлын төсвийн бүтцэд хийсэн судалгаа, Тавантолгойн дунд пермийн элсэн чулууны геохимийн судалгаа зэрэг 29 сэдвээр хийсэн ажлын тайлан, зураглалыг олон нийтэд толилуулж, санал солилцоно.