УИХ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт энэ оны улсын төсвийн тухай хуулийн тодотголыг баталсан. Засгийн газраас улсын төсвийн зарлагыг нэг их наяд орчим төгрөгөөр танах санал гаргасан юм. Мөн Хэмнэлтийн тухай хууль батлуулж, төрийн зарим зардлыг бууруулах алхам хийв. Гэвч УИХ-ын гишүүд улсын төсвийн 18 их наядын зарлагыг нэг их наяд төгрөгөөр танахыг зөвшөөрсөнгүй, 200 тэрбумаар л бууруулаад өнгөрөв. Тэгэхээр төсвийг нэр төдий л тодотгосон гэсэн үг. Засгийн газрын саналыг УИХ-ын гишүүд дэмжсэн бол төсвийн алдагдал нэг их наяд төгрөгөөр буурах байлаа.
Манай улсын төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 43 хувьтай дүйж буй. Тиймээс Монгол Улсын эдийн засагт төсвийн оролцоо хэт өндөр болсон. Улс орнуудын төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 30 хувиас доош байдаг. Эдийн засагчид төсвөөр биш, мөнгөний бодлогоор эдийн засгаа өсгөх нь зөв гэж үздэг юм. Манай улсын бодлого үүний эсрэг “ажилладаг”. Хэрэв эдийн засгаа зохистой байдлаар өсгөе гэвэл төсвийн зардлаа бууруулах шаардлагатай.
Эдийн засгийн хямралыг төсвийн зардлаа тэлэх, мөнгөний нийлүүлэлтээ нэмэх аргаар даван туулах тохиолдол бий. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Төсвийн зардлыг их хэмжээгээр бууруулбал эдийн засагт сөргөөр нөлөөлнө” гэж тайлбарласан. Онолын хувьд эдийн засаг агшиж байгаа үед тэлэх бодлого баримтлах нь зөв. Монгол Улс 2012 оноос эхэлсэн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх замаар мөнгөний нийлүүлэлтийг өсгөж, бизнесийн орчныг идэвхжүүлэн давж байсан. Харин өдгөө манай улсад тохиолдоод буй стагфляцыг мөнгөний нийлүүлэлтээ хумих, төсвийн зардлаа бууруулах замаар даван туулдаг аж. Англи хэлний stagnation гэх үг нь зогсонги байдал гэсэн утгатай. Inflation гэж үгээр инфляц буюу үнийн өсөлтийг илэрхийлдэг. Эдийн засаг нь зогсонги байдалд орохын зэрэгцээ бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх тохиолдлыг дээрх хоёр үгийн нийлбэрээр стагфляц гэж нэрлэдэг юм.
АНУ-д 1960-аад оны дунд үеэс эдийн засгийн өсөлт нь саарч, зогсонги байдалд оржээ. Үүний зэрэгцээ бараа, бүтээгдэхүүний үнэ 20-100 хувиар нэмэгдсэн байна. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүнээр 1979 онд томилогдсон П.Волкер мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, хэдхэн жилийн дотор инфляцыг гурван хувьд тогтворжуулсан түүхтэй. Ингэж 20 орчим жил өндөрт хадаж байсан инфляц урууджээ. Тухайн үеийг АНУ-ын түүхэнд “Их инфляцын жилүүд” гэж нэрлэдэг. П.Волкер бодлогын хүү 11 хувь байсныг 20 хүртэл өсгөсөн гэдэг. Бодлогын хүүг өсгөснөөр банкуудын олгох зээл багасаж, зах зээл дэх мөнгөний эргэлт саарчээ. Өөрөөр хэлбэл, зах зээлд нийлүүлэх мөнгөний хэмжээг эрс багасгасан гэсэн үг. Мөнгөний хэмжээ багасахаар иргэдийн эрэлт буурах нь дамжиггүй. Эрэлт буурахаар бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжих нь ойлгомжтой.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг энэ онд зургаан хувиас ес хүгэсэн. Одоогоор 14.4 хувьтай байгаа инфляц дээшилбэл бодлогын хүүг дахиад нэмэх нь тодорхой. Уг нь энэ оны төсвийн зардлыг нэг их наяд төгрөгөөр бууруулсан бол бодлогын хүүг хоёр оронтой тоонд хүргэж өсгөх шаардлагагүй байсан болов уу. Харин Засгийн газар төсвийн зарлагыг их хэмжээгээр танаж чадаагүй учраас Төвбанк бодлогын хүүгээ нэмж таарах байх. Ингэж байж мөнгөний нийлүүлэлтийг хумина.
Бодлогын хүүгээ өсгөөд, төсвөө таначихаар эдийн засаг хүндрэх юм биш үү гэсэн асуулт эрхгүй гарна. Стагфляц нүүрлэсэн эдийн засгаа тэтгэх гээд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, инфляцаа өсгөх үү. Эдийн засгаа агшааж, инфляцыг бууруулах уу гэдэг хоёр сонголтын аль нэгийг тулгадаг аж. АНУ тэргүүнтэй орнууд эдийн засгаа агшааж, инфляцаа бууруулах сонголтыг хийжээ. Инфляцаа зохистой түвшин хүртэл бууруулаад, дараа нь эдийн засгаа тэлэх бодлогыг судлаачид зөв гэж үздэг. Стагфляцын үед эдийн засгаа зогсонги байдлаас гаргах гээд мөнгөний нийлүүлэлтээ нэмэх бодлого баримталбал инфляц нь улам өсдөг гэнэ.
Хил гааль гацаатай байгаа учраас төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тендерт оролцох сонирхолтой аж ахуйн нэгж цөөрсөн. Учир нь хил гаалийн гацаанаас шалтгаалан бүтээн байгуулалтыг хугацаанд нь багтааж гүйцэтгэх магадлал бага. Үүнээс гадна бараа, бүтээгдэхүүний үнэ, тээврийн зардал өсөх магадлал өндөр. Тиймээс аж ахуйн нэгжүүд ашиг олох биш, алдагдал хүлээж мэднэ гэж болгоомжилж буй. Тэгэхээр энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар дорвитой бүтээн байгуулалт хийж амжихгүй болов уу гэж таамаглаж байна. Нэгэнт хөрөнгө оруулах нөхцөл үүсэхгүй бол төсвийг ирэх аравдугаар сард дахин тодотгож таарна. Хэдийгээр төсвийн тухай хуульд тусгасан ч Засгийн газар тендер зарлахгүйгээр зарим бүтээн байгуулалтыг “царцаах” боломж ч бий.
Төсвийн хөрөнгө оруулалт саатаж, Төвбанк хатуу бодлого баримтлахаар ирэх саруудад мөнгөний нийлүүлэлт багасах нь тодорхой. Инфляцыг бууруулахаар онилсон энэ бодлого ажилгүйдлийг нэмэгдүүлэх сөрөг талтай байдаг аж. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 20 хувь хүртэл өсгөсний дараа ажилгүйдэл тав дахин нэмэгджээ. Манай улсад ч ажилгүйдэл нэмэгдэх нь тодорхой. Эдийн засаг агшихаар ялангуяа хувийн хэвшилд ажиллаж буй иргэд ажлын байраа алдах магадлалтай. Ийм хүнд үеийг бүсээ чангалан даван туулах шаардлага монголчуудад тулгарчээ.
БНХАУ-д цар тахлын тархалт саарсны дараа хил гаалийн хязгаарлалтаа зогсоох болов уу. Тэгэхээр хил гаалийн гацаанаас үүдэж бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж буй нөхцөл хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Манай улсын баруун Европоос импортолдог бараа, бүтээгдэхүүнийг ОХУ газар нутаг дээгүүрээ тээвэрлүүлэхгүй буцаах тохиолдол олон гарах болжээ. Энэ нь инфляцыг өсгөх өөр нэгэн шалтгаан юм. Монголд тохиолдоод буй стагфляцыг эмчлэх арга нь хил гаалийнхаа гацааг арилгах. Ингэвэл бараа, бүтээгдэхүүн чөлөөтэй нэвтэрч, нийлүүлэлтийн гаралтай инфляц буурна. Нүүрс, зэсийн баяжмалаа их хэмжээгээр экспортолж өндөр орлого олно. Даанч хил гаалийн гацааг арилгах шийдвэр биднээс хамаарахгүй нь харамсалтай. Цар тахал дуусаж, ОХУ, Украины дайн зогстол Монголын эдийн засаг өөдлөхгүй байх шинжтэй болжээ.