Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран бүтээлч Ш.Тамир “Хайрын салхи” үзэсгэлэнгээ “Монгол арт” галерейд өнөөдөр дэлгэнэ. Энэ нь уран бүтээлчийн бие даасан гурав дахь үзэсгэлэн аж. Тэрбээр “Хайрын салхи”-аараа юуны түрүүнд хүн, байгалийн холбоог харуулахыг зорьжээ. Мөн хүн ба амьтдын хосоор амьдрах байгалийн өгөгдлийг дүрслэх урлагийн олон төрөл ашиглан туурвиснаа толилуулах гэнэ. Эртний уламжлалаасаа суралцан, өнгө болон бодит дүрс, хэлбэрийг хийсвэрлэн, далд гүн агуулга бүхий нүүдэлчдийн гоо зүй, уран сайхны сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзлийг өөртөө шингээсэн хосгүй үнэт дурсгал бол эртний хадны зургууд. Энэ ч утгаараа уран бүтээлч эртний хадны зурагт байдаг дүр дүрслэл, давтамж хөдөлгөөн, өнгө зэргийг судалгааны үндсэн дээр өөрийн арга барилд хувирган орчин цагийн монгол зургийн чиг хандлагаар илэрхийлснээрээ онцлог аж. “Хайрын салхи” үзэсгэлэн ирэх сарын 2 хүртэл үргэлжилнэ.
А.ХАЛИУН