Дэлхийн алдарт зураач З.К.Церетелигийн бүтээлүүдийг дэргэдээс нь харах алтан боломжийг Дүрслэх урлагийн академи болон Монголын Уран Зургийн галерей бидэнд олгов. Урлагт хайртай хүмүүс өнөөндөр түүний бүтээлийг шимтэн сонирхохоор Монголын уран зургийн галерейн гуравдугаар давхарт цуглажээ.
“Далд шидэт реализм” нэртэй эл үзэсгэлэнг хоёр жилийн өмнө нээж, монголчуудын мэлмийг баясгахаар төлөвлөсөн ч цар тахал гарснаас шалтгаалан хойшилж ийнхүү нээлээ хийлээ хэмээн Монголын Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа хэллээ. Үзэсгэлэн тавдугаар сарын 2 хүртэл галерейд нээлттэй.
З.К.Церетелиги ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн ерөнхийлөгч болсноос хойш анхны үзэсгэлэнгээ Монголд дэлгэж байгаа нь өнөөдрийн үйл явдлын үзэсгэлэнгийн гол онцлог байв. Үзэсгэлэнд түүний 40 гаруй зураасан зургийн бүтээлийг дэлгэжээ. Ихэнх бүтээл нь түүний бага насны дурсамжтай холбоотой аж. Мөнхүмүүний баярлаж, гуньж, гутарсан, ахуй орчин, дотоод мэдрэмж гэх мэт бодит байдлыг дүрслэн харуулсныг Уран зургийн галерейд ирсэн хүмүүс ажиглан зогсоно. Зарим хүн нэг зургийг удаан гэгч нь харж, уг бүтээлээс шинийн харсан мэт шимтэн буй нь сонирхолтой санагдлаа. Магадгүй өөрийнхөө дотоод ертөнцийг олж харсан байж ч мэдэх юм.
Уг үзэсгэлэнг сонирхохоор ирсэн зарим хүни сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцъя.
Иргэн Д.Энхтайван “Дэлхийн алдарт зураачийн үзэсгэлэнг Монголдоо үзэж сонирхсондоо туйлын баяртай байна. З.К.Церетелиги асар их эрч хүчтэй нэгэн бөгөөд түүнээс гэрэл цацарч, авьяас билгээрээ дэлхийг байлдан дагуулж чаддаг, чадварлаг уран бүтээлч юм. Дэлхийг нар гийгүүлж байдаг шиг энэ хүн өөрийнхөө уран бүтээлээр манай гаргийг гийгүүлж байдаг нэгэн. Тиймээс ийм эрч хүчтэй,маш сайхан энергитэй уран бүтээлийг үзэж, сонирхож, сэргэлт аваасай хэмээн уншигчдадаа хэлье” гэлээ.
Зураач Б.Далай-Эрдэнэ “Найзынхаа урилгаар өнөөдөр Оросын алдарт зураачийн үзэсгэлэнг үзэхээр ирсэн. Ирсэндээ сэтгэл ханамж 100 хувь байна. Монголчуудын нүдийг нээсэн, заавал үзэх ёстой үзэсгэлэнгийн нэг гэж бодлоо. Би өөрөө зураач мэргэжилтэй. Уран бүтээлчийн хувьд алдартай уран бүтээлчдийн үзэсгэлэнг гадаад явж тэр болгон үзэж чаддаггүй. Гэтэл алдартай зураачийн бүтээлийг Монголдоо орчин үеийн хэлбэрээр үзэх боломж олгож байгаад их баяртай байна” гэж хэлэв.
Дүрслэх урлагийн академийн график, дизайнерын тэнхимийн эрхлэгч, зураач З.Уянга “З.К.Церетелигийн бүтээлийг үзээд сэтгэл үнэхээр хөдөллөө. Уран бүтээлүүд нь хүний дотоод ертөнц, эрх чөлөөг ханхлуулсан нь гайхамшигтай.Ийм уран бүтээлүүдийг хараад зүйрлэшгүй ихээр догдоллоо. Өнөөдрийн бүтээлүүдийг “торгон бар”-ын арга барилаар урласан. 2014 оноос “торгон бар”-ын арга барилыг сургалтадаа тусгаж, оюутнууддаа зааж, хөгжүүлж буй. Иймд оюутнуудтайгаа хамт үзэсгэлэнг үзэхээр ирсэн.
Дэлхийд нэртэй зураачийн бүтээлийг ийнхүү дэлгэсэн нь энэ төрлөөр бүтээл туурвих хүсэлтэй иргэдэд ихээхэн тус хүргэлээ. Аливаа зүйлийг илэрхийлж байгаа түүний зохиомж, өнгө, арга техникийг бишрээд баршгүй” хэмээв.
Гүрж гаралтай З.К.Церетели нь дүрслэх урлагийн бүхий л төрлөөр 5000 мянга гаруй дахин давтагдашгүй бүтээлээрээ дэлхийд хэдийнэ танигдсан зураач. Тэрбээр нас бол тоо гэдгийг харуулж, уран бүтээлээ туурвисаар буй. Өөрөөр хэлбэл, хүний дотоод ертөнц, уран бүтээлч байх мөн чанарыг харуулсан гайхалтай үлгэр жишээч дэлхийн хүн билээ.