"Монголдоо сайхан амьдаръя" жагсаалтай холбогдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал дараах тайлбар мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өчигдөр жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуульд зааснаар урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл аваагүй жагсаал болсон. Жагсаж буй иргэдэд цагдаагийн байгууллагын зүгээр үзэл бодлоо тайвнаар илэрхийлэх, нийгмийн дэг журмыг зөрчихгүй байх талаар удаа дараа анхааруулсан. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь залуучуудад үлдээсэн.
18:00 цагийн үед Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар залуучуудтай уулзах үеэр жагсагчид ус, ундааны сав, талх шидэх зэрэг эсэргүүцэл үзүүлсэн. Энэ үед нэг эмэгтэйн толгойдоо гэмтэл авсан.
Жагсаал 19:00 цагийн үед бүтэц нь өөрчлөгдсөн. Өглөөний 10:00 цагаас хойш үзэл бодлоо илэрхийлсэн залуус шингэрсэн. Үзэл бодлын хувьд өөр төрлийн залуучууд орж ирж нийтийг турхирсан үйлдэл, үг хэллэг удаа дараа гаргаж эхэлсэн. Албан хаагчид удаа дараа шаардсан боловч цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, үйл ажиллагаанд саад учруулах, төрийн тусгай объект руу халдсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олноор цуглар эхэлсэн. Эдгээр иргэд Их тэнгэрт очиж жагсаалаа үргэлжлүүлэх шийдэлд хүрч иргэд маш олноор цугларч эхэлсэн юм. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдын тархи хагалсан. Ингээд урьдчилан сэргийлэх зорилгоор шөнийн 03:40 цаг өнгөрч байхад албадлагын арга хэмжээ авч, жагсаалыг тараасан" гэлээ.