УИХ-ын хаврын нэгдсэн чуулганы нээлт болж байна. Чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "Гадаад орчин эмзэг байгаа энэ үед бидний монголчууд оюун санаа, үнэт зүйлийн эв нэгдэлтэй байж “Дайны хажуугаар дажин” гэгчээр буруу зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх, учир начрыг олоогүй байж яаруу гоомой дүгнэлт хийж, нийгэм, олон нийтийг өдөөн турхирах үйлдлээс ангид байх нь чухал байна. Мэдээллийн дайны энэ эрин үед мэдэхгүйн гайд нэрвэгдэх, нийгмийн сүлжээний давлагаагаар нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж, хөтлөгдөж болохгүй.Монгол Улсын эдийн засаг 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 хувийн өсөлттэй гарсан нь олон улс болон дотоодын мэргэжлийн байгууллагуудын төсөөллөөс харьцангуй бага байлаа.
Хэдийгээр дотоодод цар тахлын халдвар хумигдаж байгаа ч хөрш орнуудын энэ чиглэлээрх хатуу бодлого, гадаад орчны нөлөөллөөс шалтгаалан экспорт буурсан нь эдийн засагт зарим хүндрэл бий болгож байна. Тухайлбал, 2022 оны эхний хоёрдугаар сарын байдлаар төмрийн хүдрээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний биет үйлдвэрлэл 13-97 хувь буурч, төлбөрийн тэнцэл 2022 оны нэгдүгээр сард 340.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Үнийн өсөлт эрчимжиж, инфляц 2022 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14.2 хувьд хүрчээ. Олон улсын тавцанд бий болсон хурцадмал байдал нь инфляцын хөөрөгдөл, зарим бараа бүтээгдэхүүний хомсдол, ханшийн уналт, бүс нутгийн хөрөнгө оруулалтын эрсдэл зэргээр манай улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байна. Иймд төсөв мөнгөний бодлогыг оновчтой уялдуулж, инфляц, эдийн засгийг зөв удирдах шаардлагатай байна. Үнийн өсөлтийг хязгаарлаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг оновчтой хэрэгжүүлж дараах асуудлуудыг даруй анхаарах шаардлагатай.
Үүнд:
1. Өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангах, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх арга хэмжээг авч, үнийн өсөлтийг бууруулах;
2. Импортыг орлох, экспортыг дэмжих үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжих мөнгө, зээл, төсөв, татварын бодлогыг яаралтай хэрэгжүүлэх;
3. Дэлхийн хөрөнгийн зах зээл тогтворгүй болж, ирэх жилүүдэд Монгол Улсын гадаад өрийг дахин санхүүжүүлэх эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрийн удирдлагын төлөвлөгөөг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэн, батлах;
4. Эдийн засгийн уналт үргэлжлэхээс сэргийлж, боомтын хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх;
5. Үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэл эмзэг бүлэгт хүндээр тусах магадлалтай тул нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх нь чухал байна" гэлээ.
Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр үндэсний хэмжээнд явуулсан олон нийтийн санаа бодлын судалгаанаас үзэхэд судалгаанд оролцогчдын 45 хувь нь өрхийн амьжиргаа өмнөхөөсөө дордож, орлого буурсан гэж хариулсан. Тэгвэл УИХ-ын хаврын чуулганаар хүнсний барааны үнийн өсөлт, шатахууны үнийн өсөлт, эрүүл мэндийн байгууллагын хүртээмж, үйлчилгээний чанар, Ковид-оос бусад өвчлөлд анхаарал хандуулах байдал, Улаанбаатар хотын замын түгжрэл, ядуурал, иргэдийн амьжиргааны доройтлыг багасгах бодлогыг түлхүү тодорхойлох юм байна.
"