Туркээс ирсэн карго ачааны хяналт шалгалтын талаар мэдээлж байна. Гаалийн байгууллага 2021 онд нийт 933 удаагийн зөрчлийг илрүүлж улсын төсөвт 2.7 тэрбум төгрөгийг төлүүлж шийдвэрлэсэн байна. Зөрлийн 85 хувь нь орох чиглэлд үйлдэгдсэн. Энэ оны эхний хоёр сарын байдлаар 192 зөрчил илрүүлж 450 гаруй сай төгрөгийг нөхөн төлүүлсэн. Зөрлийн 50 хувийг гаалийн татвараас зайлсхийх зөрчил илэрсэн. Хил нээсэнтэй холбоотой хязгаарласан барааны зөрчил нэмэгдсэн байна.
Гаалийн Ерөнхий газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамираа "Цахим орчинд гарсан их хэмжээний алт мөнгөн эдлэл татваргүй оруулж ирсэн гэх мэдээлтэй холбоотой тайлбар өгье. Гуравдугаар сарын 7-нд мэдүүлэгч ачаа тээшээ мэдүүлсэн. Нийт 19.9 тонн жинтэй 472 ширхэг хайрцаг мэдүүлсэн. Ачаа тээшийг өмчлөгчийг байлцуулж байж ачааг задалж хяналт явуулдаг. Энэ тохиолдолд дуудахаар ирэхгүй байсан. Өнөөдрийн байдлаар 350 ачааг нь шалгаад дууссан. Одоогоор тухайн иргэн ирж ачаагаа шалгуулаагүй. Гаалийн харилцаанд орж байгаа иргэний ганц үүрэг байдаг нь бараагаа үнэн зөв мэдүүлэх байдаг. Иргэн Ю-гийн ачаанаас одоогоор дутуу мэдүүлсэн 13500 ширхэг барааг илрүүлээд байна. Гаальд мэдүүлсэн байдал нь ачаатай харьцуулахад худал мэдээлсэн. Мөн нэрийн төрөл, тоо хэмжээ, зарим барааны нэр төрлийг мэдүүлээгүй зайлс хийх зөрчил гаргасан учраас нэг бүрчлэн гараар шалгах шаардлага үүссэн " хэмээв.