УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганыг энэ сарын 15-нд буюу маргааш нээнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон захирамж гаргажээ. Чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж байхаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан. Эл жагсаалтад Байгаль орчныг хамгаалах болон Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Зарим төрлийн төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай гэх мэт төсөл багтсан байна. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл, Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийг хэд хэдэн байнгын хороогоор хэлэлцэх аж. Мөн Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалд оруулжээ.
Энэ өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Зарим төрлийн төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох болон Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухайд шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг, нөхөн төлөх төлбөрийг тогтоох, шүүх шинжилгээ хийх эрх олгох үндэслэл, журам болон байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглүүлж, хамрах хүрээг нь нарийвчлахыг зорьжээ. Тухайлбал, шинжилгээний байгууллагаас гадуур хийх шинжилгээний хугацааг шүүх, прокурор, мөрдөн байцаагч, мэргэжлийн хяналтын улсын байцаагч сунгахаар тусгасан байна. Мөн төсөлд хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг шүүх шинжилгээний байгууллага хийх, уг байгууллагын бүтцэд энэ төрлийн шинжилгээг хийх нэгж байгуулах, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг хийх нийтлэг журам, тавигдах шаардлага зэргийг заажээ. Харин гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн сэтгэцэд үзүүлсэн үр дагаврыг эдийн бус гэм хорд хамаарахыг хуульд тодотгон тусгажээ. Хохирогч үүнийг нэхэмжлэх эрхийг нарийвчлан тодорхойлохын зэрэгцээ хохирогч нь нас барсан тохиолдолд сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг гэр бүлийн гишүүд, эсвэл хууль ёсны асран хамгаалагч нь гаргаж болох зохицуулалт бий аж. Хүн ам, гэмт хэргийн өсөлт, шинжилгээний онцлог, цар хүрээ, тоо хэмжээ зэргийг харгалзан шинжилгээний байгууллагыг Засгийн газрын агентлагийн статустай болгож, бүтэц, орон тоог нь шинэчлэн тогтоох гэнэ.
Регистрийн дугаарыг ил харагдах байдлаар бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчлөхөөр Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, УИХ-ын 2009 оны Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэдийн 98 хувь буюу 1 925 772 иргэнд улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгосон 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг холбогдох баримт бичигт ил харагдах бичилтээр оруулах юм байна. Иймд иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгах аж. Иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээл учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор оршин суугаа газрын хаягийн мэдээллийг оруулахаар зорьж буй юм байна.
Харин Зарим төрлийн төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт, шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэн боловсруулжээ. Үйлчлэх хугацааг нь 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оныг дуустал байхаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт, шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсвэл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хэвийн хийхээр тусгажээ. Мөн төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол эхлээд зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэх гэнэ.
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулиар хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай, эсэхийг тогтоох, энэ төрлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал зэрэгтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлж байгаа. Төсөлд үүнийг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал болон балансын аргын хосолсон аргачлалаар тооцохоор тусгасан байна. Мөн Дампуурлын тухай хуулиар нэхэмжлэлийн шаардлагыг баталгаажуулах ажиллагааны талаар нарийвчлан зохицуулаагүй гэж төсөл санаачлагч тайлбарласан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх сөрөг практик үүссэн тул үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргах, баталгаажуулах, шаардлагыг хангуулахтай холбоотой ажиллагааны талаарх зохицуулалтыг бүрэн шинэчилсэн гэв.
Бэлтгэсэн У.Наран