Гадаадын тагнуул хэмээн шалгагдаж буй иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар мэдээлэл хийж байна.
Өмгөөлөгч Г.Баасан "Ч.Мөнхбаяр гадаадын тусгай алба байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авч байсан гэж ТЕГ-аас мэдээлсэн.
Тэгвэл Ч.Мөнхбаяр гадаадын тагнуул гэдгээ огт мэдээгүй. Харин манай тагнуулын газар мэдсэн мөртлөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй байна. Яагаад иргэнээ гэмт хэрэгтэн болохоос хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй вэ? Эсвэл Мөнхбаярыг санаатайгаар гэмт хэрэгтэн болгох зорилго баримталсан уу?
Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагад ажилласан нь тогтоогдоогүй, зохиомол байдлыг бий болгож байна. Баривчилгаа үйлдэл дээрээ гэсэн боловч гадаадын тагнуулаа бариагүй. Зөвхөн иргэнээ бичлэг цацаж баривчилсан. Маргааш нь шууд гэмт хэрэгтэн гэж зарласан. Субъектив санаа зорилготой эсэхийг тогтоогоогүй, гадаадын тагнуулын байгууллага гэдгээ нотлоогүй, хамтран ажилласан гэх нотлох баримтгүй, Монгол улсын эрх ашгийг хохироосон үйлдэлгүй зэрэг нотлох баримт хангалттай бус байхад иргэнээ тагнуул гэж олон нийтэд мэдээлж, яллах үйл ажиллагаа гэрлийн хурдаар явагдаж байгаагаас харахад захиалгат хэлмэгдүүлэлт үү гэж асуухад хүргэж байна" гэлээ.
Мөн тэрээр "Гадны тагнуулын хүн гэдгийг мэдэлгүйгээр харилцсан хүн болгон яг адилхан тагнуул болж, эх орноосоо урвасан гэсэн хэрэгт татагдах хуультай байна. Орчуулагч сэтгүүлчид бүгд анхаарах ёстой. Ийм аргаар хэнийг ч гэмт хэрэгтэн болгох боломжтой. Хэрвээ Мөнхбаяр гадаадын тагнуулын хүн гэдгийг мэдсэн бол түүнийг хамтарч ажилласан гэж үзнэ. Гэтэл мэдээгүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсэж байна.
Орчуулагч нар юм орчуулж өгснийхөө хөлсөнд мөнгө авдаг. Эрүүгийн хуулийн 19.1- зааснаар гадаадын тагнуултай хамтран ажилласан гэдгээр хэрэгт орох гээд байна. Энэ асуудлыг УИХ ахиж шийдэх ёстой. Ганцхан Мөнхбаярт хамаарах заалт биш. Иргэн Ч.Мөнхбаяр ганцхан орос хэлтэй. Хэвлэлээр мэдээлсэн тэр гаднын хүн нь англи хэлтэй хүн. Орчуулагчаар дамжуулж харьцсан. Орчуулагч нар гадаадын ямар ч хүнтэй уулзаж л байдаг. Тэр болгонд тагнуулын хүн мөн эсэхийг тогтоох боломжгүй. Тиймээс тус заалтаар хэн ч эх орноосоо урвагч болж 8-12 жилийн ял эдлэх магадлалтай юм байна" гэдгийг онцлон хэлэв.
Эрүүгийн хуулийн 19.1 дүгээр зүйл. Эх орноосоо урвах1.Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.Тайлбар: -Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө.