Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар танилцуулж байна. Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хэргийн дийлэнх хувийг АТГ шалгаж байна. Аж ахуйн нэгжүүдийн авлига, албан тушаалын шинж агуулаагүй зээлийн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж буй. Цагдаагийн байгууллага нуугдмал хөрөнгийг илрүүлэх дээр шуурхай ажиллана" гэлээ.
Мөн 2016 онд Хөгжлийн банканд хийсэн Засгийн газрын ажлын хэсгийн шалгалтын дүнг ил тод болгохоор болсныг дуулгав. Тухайн ажлын хэсгийн шалгалтын 130 хуудас материал бий аж. Ямар зээлүүдийг тухайн үед хуулийн байгууллагад шилжүүлсэн, өр төлбөр хэрхэн барагдуулсан, Сангийн яам холбогдох байгууллагууд арга хэмжээ авсан бол өнөөдрийнх шиг үр дагавар гарах байсан уу гэдгийг ил болгох аж. Хөгжлийн банкны удирдлага ч алдаа гарсныг мэдсээр байж засалгүй, үргэлжлүүлсэн гэнэ. Тухайн үед ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт оруулахад эрсдэлтэй нөхцөл үүсэх магадлалтай байсан учраас уг материалыг нууцалсан аж.
Түүнчлэн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Зөрчлийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Таван жилийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсний үр дүнд шинэчлэн найруулах ёстой гэж үзлээ. Тухайн үед тус хуульд 240 гаруй хуулийн зөвхөн хариуцлагатай холбоотой заалтыг оруулсан аж.
Мөн хэрэгжих явцад юу нь болохгүй байсныг судалжээ. Иргэдийн дунд торгодог, шийтгэдэг хууль гэсэн ойлголт нийгэмд бий. Тиймээс зөвхөн торгоод байхгүй, төр шалган туслах чиг үүргийг тусгасан аж. Мөн хэргийн харьяаллын асуудлыг нэг мөр болгох гэнэ. Тухайлбал, аливаа зөрчлийг Эрүүгийн шүүх хурлаар хэлэлцдэгийг болиулах гэнэ. Улмаар ирэх пүрэв гарагт хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Хуулийн гол онцлог нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар хэрхэн явуулах вэ гэдгийг тусгасан. 11 мянган албан тушаалтан зөрчлийн дугаар авах гэж прокурорын байгууллагад дугаарладаг. Тиймээс үүнийг хялбарчилж цахимаар дугаар тавьдаг, прокурор цахимаар хяналт тавьдаг болохоор төсөлд тусгажээ.