Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойн хүрээнд, мөн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулан дүрслэх урлагийн салбарт уран бүтээлээ туурвиж буй бүсгүйчүүдийн төлөөлөл “Саарал хайрцаг” үзэсгэлэнг хамтран гаргахаар болжээ. Тус үзэсгэлэнгээр эмэгтэйчүүдийн нэгдмэл дуу хоолойгоор нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хөндөх зорилготой гэнэ. Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй, МУЭ-ийн гишүүн болон гишүүн бус, мэргэжлийн уран бүтээлчдийг энэ сарын 20 хүртэл бүртгэж, ирэх сарын 1-5-нд бүтээлийг нь хүлээн авна. Агаарын бохирдол, гэр бүл, хүүхэд, нийгмийн харилцаа гэх мэт сэдэв, агуулгад нийцсэн, сүүлийн гурван жилийн хугацаанд туурвисан бүтээлээрээ үүнд оролцох боломжтой. “Саарал хайрцаг” үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын 7-19-нд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.