Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг нийтэд таниулах, дэмжих зорилгоор “Урлагийн хот Улаанбаатар" аяныг өрнүүлж буй. Аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө, Ахмадын холбооны өмнөх талбайд хэд хэдэн бүтээл байрлуулахаар төлөвлөжээ. Монголын урчуудын эвлэлийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Олон улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч Аюурзанын Очирболд аяныг эхлүүлж, “Ухамсар” хэмээх бүтээлээ өнөөдөр хотын төвд сүндэрлүүлэв. Хөшөөний суурийн радиус нь 8 метр, баримлын өндөр 5.3 метр аж.
Нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй "Ухамсар" нэртэй уг бүтээлийг дэлхийн 192 орны уран бүтээлчдийн бүтээлээс сонгон Нью-Йорк хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд анх байрлуулж байжээ.
Уран барималч А.Очирболд нь “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн нэгэн.