ХНХЯ-наас “ХӨДӨЛМӨРИЙН ЦАХИМ ЯАРМАГ-2021” цахим өдөрлөгийг маргаашаас эхлэн зохион байгуулах гэж байна. Тус яармагаар 150 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 2000 гаруй нээлттэй ажлын байрны захиалгыг иргэдэд танилцуулах нь. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас уг өдөрлөгийг “ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХАМТДАА ХӨДӨЛМӨРИЙН ЦАХИМ ЯАРМАГ-2021” уриан дор зохион байгуулна. Тус өдөрлөг www.expomongolia.org/careerexpo платформоор дамжуулан тавдугаар сарын 8-24-ны өдрүүдэд болно. Энэ үеэр ажил хайгч иргэд, гадаадад их дээд сургууль төгссөн болон ажиллаж амьдарч байгаад эх орондоо эргэн ирсэн иргэдэд зориулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээ, зөвлөгөө мэдээллийг нэг дороос үзүүлнэ. Мөн ажил олгогчоос ирүүлсэн нээлттэй ажлын байрны мэдээллийг ажил хайгч иргэдэд танилцуулах аж. Цаашлаад ажлын ярилцлагад цахимаар хамруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, ажил олгогчид шаардлагатай ажиллах хүчээ олоход нь дэмжлэг үзүүлнэ. Цахим яармагийн үеэр “ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХАМТДАА-ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ”, “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” дэд сэдвүүдийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, "Эйч ар клуб" ТББ болон Мэргэжлийн байгууллага, судлаачдын 30 гаруй сонирхолтой мэдээлэл, лекц, сургалтыг олон нийтэд хүргэнэ. Мөн 150 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 2000 гаруй нээлттэй ажлын байрны захиалгыг иргэдэд танилцуулж, ажил хайгч иргэдийг ажлын анхан шатны ярилцлагад оруулж, хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх юм байна.